Европа гаригийн гадаргыг НАСА судална

Нарны аймгийн хамгийн том гариг Бархасбадь жар гаруй дагуултай билээ. Тэдгээрээс Бархасбадийн хоёр дахь дагуул гэгддэг Европа одыг Италийн одон орон судлаач Галилей 1610 онд нээжээ. Европа нь нарны аймагт амьдрал байх хамгийн их магадлалтай гариг ба хэмжээгээрээ сартай адил. Энэхүү гаригийн гадарга нь мөсөөр битүү хучигдсан бөгөөд уг мөсөн гадарга дор далай бий гэж эрдэмтэд үздэг. Сан-Франциско хотноо жил бүр болдог Геофизикийн хурлын үеэр НАСА-гийн эрдэмтэд“Европа нь гадаргаасаа асар хол зайд цацагддаг том гейзертэй байж магадгүй” гэсэн таамаглал дэвшүүлсэн нь одон орон судлаачдын дунд шуугиан тарьсан юм. Судлаачид сансрын Хаббл дуранг ашиглан 2012 оны арванхоёрдугаар сард Европаг хэт ягаан туяаны мужид гэрлийг задалж хэмжилт хийдэг багажаар (спектрограф) ажиглахад, тус дагуулын өмнөд туйлын орчимд их хэмжээний устөрөгч болон хүчилтөрөгчийн атомуудын ул мөр илэрчээ. Эдгээр атом нарны гэрэлтэй харилцан үйлчлэлцэлд орж хэт ягаан туяа цацруулдаг аж. Европад манай гариг шиг агаар мандал байдаггүй учраас гейзерийн усыг сансарт хол зайд цацдаг байна. Европагийн эх гариг Бархасбадь хүчтэй соронзон оронтой бөгөөд түүнд татагдсан хурдтай электронууд усны молекултай мѳргѳлдѳхѳд атомууд нь задардаг аж. Энэ мэт хүчилтөрөгч, устөрөгчийн атом, гейзер зэргийн ул мөр нь Европа гариг дээр их хэмжээний ус буйг баталсан юм. Магадгүй дэлхийгээс ч их усны нөөцтэй байх магадлалтай аж. НАСА энэхүү гаригийн гадаргыг судлах станцийг 2025 онд хөөргөхөөр төлөвлөсөн ч товолсон хугацаагаа наашлуулсан тухайгаа энэ сарын 26-нд мэдээллээ. НАСА-гийн албан ёсны сайтад бичсэнээр “Манай эрдэмтэд Европа руу хөөргөх гариг хоорондын автомат станцаа33 хувилбараас сонголоо. Бидний сонгосон “Европа клиппер” гариг хоорондын судалгааны хөлөгт Европагийн мөсөн хучлагыг нэвтлэх хүчин чадалтай камер суурьлуулсан. Мөн хөлөгт байршуулсан спектрограф багажаар гадаргын химийн бүтцийг тодорхойлно” гэжээ. Энэхүү гариг хоорондын автомат хөлгийг ойрын гурван жилийн хугацаанд Европа руу хөөргөх ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)