С.Чинзориг: Ажил олгогчийн хариуцлагыг чангатгахын хамт ажилтны эрх үүргийг ч нэмэгдүүлсэн


Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнгөрсөн хугацаанд салбарынхаа хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгойлон анхаарч хэд хэдэн тулгуур хуулиудыг шинэчлэх ажлыг эрчимжүүлсэн билээ. Тэдгээрийн нэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ энэ сарын 14-нд баталсан. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага юу байсан хийгээд чухам ямар заалтууд нэмэгдсэн талаар  Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд мөн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар оролцсон юм.   

 Үйлдвэрлэлийн осол буурахгүй байгаа нь анхаарах гол асуудал

Мэдээллийн эхэнд С.Чинзориг сайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл юу байсныг тайлбарласан. Тэрбээр “Монгол Улс 2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бие даасан хуультай болохоос өмнө Хөдөлмөрийн тухай хуулиар энэ чиглэлийн эрх зүйн асуудлыг зохицуулдаг байсан. Бие даасан хуультай болсноор ХАБЭА-н чиглэлээр бодлого, удирдлагын тогтолцоо бий болж, үйл ажиллагааг зохион байгуулах арга хэлбэр төлөвшиж, нааштай ахиц өөрчлөлт гарсан гэж үздэг. Гэвч өнөөгийн түвшингээс аваад үзэхэд хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, ХАБЭА-н шаардлага, хэм хэмжээг олон улсын түвшинд ойртуулж, олон талын оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н ажилтны гүйцэтгэх чиг үүргийг хуульчлах, ажил олгогч, ажилтны хариуцлагыг өндөржүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох шаардлагууд гарсаар байгаа юм. Ялангуяа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний гаралт дорвитой буурахгүй байна. 2015 оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсад үйлдвэрлэлийн ослын 81 тохиолдол бүртгэгдэж, 84 хүн осолд өртөж, найман хүн ослын улмаас амь насаа алджээ. Уул уурхайн салбарт гарсан 13 осол улсын хэмжээний ослын 16 хувийг эзэлж буй юм. Энэ бүхэн нь ХАБЭА-н хууль тогтоомжийг боловсронгуй болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд олгох нөхөн төлбөр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах зайлшгүй шаардлага байгаагийн гол үндэслэл болсон.

Тиймээс ХАБЭА-н хуульд өөрчлөлт оруулах асуудлыг манай яам Засгийн газарт оруулж, хуулийн төсөл боловсруулснаа УИХ-д өргөн барьж батлууллаа” хэмээсэн юм.

Манай улсад ХАБЭА-н чиглэлээр бие даасан хууль үйлчилж, хууль дагаж гарсан 10 гаруй журам, дүрэм, 130 орчим стандарт мөрдөгдөж байгаа. 1997 оноос хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх журмыг шинэчлэх, ХАБЭА-н бакалаврын түвшний сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсгүүдийг байгуулан ажиллуулж байгааг ч сайд мэдээлэлдээ дурдсан. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн тоо баримтуудыг ч өгсөн.

2011-2013 онд жил бүр 400 орчим үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж байсан бол 2014 онд 73-аар цөөрч, 18 хувиар буурсан. Гэвч ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх оныхоос таваар өсч, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан хүний тоо 119-өөр нэмэгдсэн байна. 2014 онд барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн осол өмнөх оноосоо 17-оор буюу 43,5 хувиар өсч, нас барсан хүний тоо зургаагаар нэмэгдсэн нь анхаарах асуудал.   Өнгөрсөн онд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нийт 4505 хүн Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн хяналтанд байгаагийн 75.7 хувь нь эрэгтэй,  24.3 хувь нь эмэгтэй байжээ. 2014 онд бүртгэгдсэн 333 ослын шалтгааныг авч үзвэл, 18.9 хувь нь уналт, нуралтаас, 16.8 хувь нь тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлээс, 14.7 хувь нь аюулгүй ажиллах арга, барилд хангалтгүй суралцсанаас, 11.1 хувь нь тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлээс, 4.2 хувь нь технологийн процесс зөрчсөнөөс, 3,0 хувь нь өргөх механизмын эвдрэл, гэмтлээс, 1.8 хувь нь ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг хангалтгүй хэрэглэснээс, 29.4 хувь нь бусад шалтгаанаар үйлдвэрлэлийн осолд өртжээ. Эдгээр тоо баримт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тал дээр эрх зүйн орчныг улам сайжруулах зайлшгүй шаардлага байгаагийн нэг илрэл болж өгсөн байна. Мөн хуулийг хэрэгжүүлэх явцад хуулийн зарим зүйл заалтыг тодорхой болгох, салбарын яамд, орон нутгийн удирдлагын оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны чиг үүрэг болон  ажил олгогч, албан тушаалтан, ажилтны үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг осол эндэгдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг бий болгох, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох зэрэг шаардлага тавигдаж ирснийг хэвлэлийн хурлын үеэр тодорхой ярьсан юм.  

 Үйлдвэрлэлийн орчинд гарсан ослын хохирлыг ажил олгогч хариуцахаар тусгажээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь дээрх шаардлагыг тодорхой хэмжээнд хангаж чадсан хэмээн хууль тогтоох дээд байгууллага үзсэн бөгөөд дараах үндсэн өөрчлөлтүүд багтсаныг Хөдөлмөрийн сайд сэтгүүлчдэд танилцууллаа. Үүнд,

-ХАБЭА-н тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад салбарын яамд, бүх шатны өөрийн удирдлагын байгууллага, Засаг дарга нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэхээр өөрчлөлт орсон. Тухайлбал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороодыг яамдын дэргэд орон тооны бусаар ажиллуулах болон одоогийн ажиллаж байгаа Үндэсний болон салбар хороо, аймаг, дүүргийн зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг зохих шатны төсөвт тусгахаар хуульд оруулсан.

-Аж ахуйн нэгж, байгууллагад ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан, зөвлөлийг орон тооны болон орон тооны бусаар ажиллуулах, тэдний хариуцах чиг үүргийг тодорхой болгосон.

-Ерөнхий захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг тусгайлсан гэрээгээр зохицуулахаар оруулж, гэрээ байгуулаагүй нөхцөлд ерөнхий гүйцэтгэгч хариуцахаар тусгасан.

-Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчны ХАБЭА-н сургалтыг бүх шатны Засаг дарга хариуцахаар бүрэн эрхэнд нь оруулсан.

-Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын хувь хэмжээг нэмэгдүүлж, төсвийн байгууллага тухайн жилийн батлагдсан төсвийн 0,5 хувиас, эрсдлийн түвшингээс нь хамааруулан аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээнй зардлын 1,5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг ХАБЭА-н арга хэмжээнд зарцуулна. Ингэснээр зардлын хувь 0,2-0,5-аар нэмэгдэх юм.

-ХАБЭА-н арга хэмжээнд зарцуулах зардлын чиглэлийн нэмэлтээр хуульд тодорхой тусгасан. Сургалт, сурталчилгаа, эрүүл мэндийн үзлэг, ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгсэл, ажлын байр, үйлдвэрлэлийн орчны аюулгүй, эрсдэлгүй байдлыг хангах, ажилтныг сувилах, хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, ХАБЭА-н бүтэц, ажилтан, зөвлөлийн чиг үүрэгт хамаарах үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнд зарцуулахаар зааж өгсөн.

-Эрсдэлийн түвшин ихтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтны амь нас, эрүүл мэндийг ажил олгогч 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр арилжааны даатгалд даатгуулахаар хуульд нэмэлт орсон.

-Үйлдвэрлэлийн орчинд гарсан ослын улмаас иргэнд учирсан хохирлыг холбогдох хуулийн дагуу ажил олгогч хариуцахаар хуульд заалт нэмж оруулсан.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг боловсруулах, батлуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн стандартын асуудал эрхэлсэн байгууллага хуулийн дагуу баталж байх өөрчлөлт орсон.

-Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэх, мэдээлэх журмыг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар хуульд нэмж оруулсан нь энэ талын бүртгэл мэдээллийг сайжруулахад чиглэсэн заалт болсон.

-Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага  хийхээр болсон.

-ХАБЭА-н хууль тогтоомжийн шаардлага, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан ажил олгогчид гаргаж байхаар хуульд оруулсан.

-Хууль зөрчигчдөд хүлээлгэх торгуулийн хариуцлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх  зохицуулалтыг тусгасан.

Эрсдэлтэй ажлын байрны жагсаалтыг Засгийн газар батална

Хууль хэрэгжиж эхэлснээр юуны өмнө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  бүтэц, ажилтан, зөвлөл бий болж, тэдгээрийн гүйцэтгэх чиг үүрэг,  ажиллах нөхцөл боломж бүрдэж, салбарын болон орон нутгийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлого, чиглэл, ажлын уялдаа холбоо сайжирна гэж үзэж буй юм. Мөн аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний хөрөнгө, санхүүгийн асуудал шийдвэрлэгдэх нөхцөл бүрдэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний стандартыг шинэчлэх, шинээр боловсруулах асуудлыг хариуцах байгууллагын чиг үүрэг тодорхой болж, хэрэгжилт, үр дүн сайжирна. Түүнээс гадна Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг зориулалтаар зарцуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хохирсон, хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин сайжирна.

Эдгээр үр дүнд хүрэхийн тулд хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарал тавих ёстой бөгөөд үүний тулд ХАБЭА-н тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хэд хэдэн журам, жагсаалтыг шинээр болон шинэчлэн гаргах юм байна. Тухайлбал,  хуульд заасан эрсдэлийн түвшин өндөртэй ажлын байрны жагсаалтыг боловсруулж, Засгийн газрын тогтоолоор батлуулахын хамт Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэх, мэдээлэх журмыг шинэчилэх юм.  Мөн үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүнг ХАБЭА-н үндэсний хороо хариуцан гараж, жил бүр Засгийн газарт мэдээлж байхаар болжээ. Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтцийн жишиг, ажилтны орон тооны норматив, зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам зэргийг  шинэчлэн боловсруулж батлуулах зэрэг ажлыг хийх юм байна.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)