Монголын сагсанбөмбөгийн баг ААШТ-д өрсөлдөх үү

 

БНХАУ-ын Чанша хотноо 9-р сард зохиогдох Сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа өчигдөр явагдлаа. 16 улс өрсөлдөх ёстой тус тэмцээний сугалаа дараах байдлаар гарсан байна.

 

А хэсэг : Иран, Япон, Малайз, Өмнөд Азиас шалгарсан баг

Б хэсэг  : Филиппин, Палестин, Кувейт, Зүүн Азиас шалгарсан баг

С хэсэг : Өмнөд Солонгос, Иордан, Сингапур, Хятад

Д хэсэг : Тайвань, Ливан, Катар, Казахстан

 

Хоёр жилд нэг удаа болдог Азийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил Чанша хот 9-р сарын 23-аас 10-р сарын 3-ны өдрийг хүртэл зохион байгуулна. Энэхүү тэмцээнд олон улсын сагсан бөмбөгийн холбооны гишүүн холбоод улсаа төлөөлөн шигшээ багаа оролцуулах эрхтэй.

 

2013 онд Филиппиний Манилад болсон тэмцээнд Ираны баг түрүүлж байсан бол зохион байгуулагч Филиппин анх удаагаа мөнгөн медаль хүртэж байсан юм. Гэхдээ энэ жил Филиппиний багаас Андре Блач оролцох магадлал өндөр байгаа болохоор тэд тэмцээний гол багаар нэрлэгдэх нь зүйн хэрэг.

 

ААШТ-ийн эхний хэсгээс тус бүр 3 баг хоёрдугаар шатанд шалгарна. Харин хоёрдугаар шатанд багууд тус бүр 3 тоглолтыг хийж, амжилтаараа манлайлсан 4,4 баг хасагдах шатанд буюу шилдэг наймд өрсөлдөх эрхээ авна.

 

Манай Монголын шигшээ багийн хувьд энэхүү наадамд оролцох боломжтой тухай эх сурвалж мэдээллээ. Зүүн Азийн АШТ-ийг явуулах ёстой байсан Японы сагсан бөмбөгийн холбоо тэмцээн зохиох болон оролцох эрхээ хасуулсан учраас энэ жилийн сонгон шалгаруулах тэмцээн болоогүй юм.

 

Тиймээс ААШТ-нд одоогоор багтаагүй багуудаас чансаа хамгийн өндөртэй болох Хонконг, Монголын багуудыг хооронд нь тоглуулж ялсан баг нь тэмцээний Б хэсэгт багтан өрсөлдөнө гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

 

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)