Н.Өлзийханд: Нумыг татахад 32 кг-ын ачаа өргөсөнтэй дүйцэхүйц байдаг

Монголын үндэсний сур харвааны насанд хүрэгчдийн болон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт болж аваргуудаа тодруулжээ. Тэмцээний насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн төрөлд спортын мастер Н.Өлзийханд тэргүүлсэн байна. Улсын хошой мэргэн харваач Д.Нямсүрэнгийн отгон охин түүнтэй ярилцсанаа хүргэе.
 

-Наадмын өмнө болдог улсын аварга шалгаруулах тэмцээн үндэсний баяр наадамд цэц мэргэнээ сорих харваачдын хувьд сорилго болдог. Энэ утгаараа улсын аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөөнтэй болов уу? 

 

-Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 20-22-нд Орхон аймагт боллоо. Тэмцээнд 88 багийн 350 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорьсон. Харваачид хасаа болон хана харвааны төрлөөр өрсөлдлөө. Ер нь харваачдын тоо жил ирэх тутам нэмэгдэж байна. Энэ утгаараа тэмцээн ч өрсөлдөөнтэй боллоо. Харваачдын ур чадвар сайжирч байгаа нь улирал харгалзахгүй бэлтгэл хийдэг болсонтой холбоотой болов уу. 
 

Улсын аварга шалгаруулах тэмцээний хувьд хана хасаанд 20, хасаа харваанд 20 сум буюу нийлбэр 40 оноогоор дүнгээ гаргадаг. Улсын аварга шалгаруулах тэмцээний онцлог нь хана болон хасаа харваанд тусад нь байр эзлүүлдэг. Хана харваа гэдэг нь нийт 60 ширхэг хасаа өрж харвадаг. Хасаа харваа нь 30 ширхэг хасаа өрж харвадаг юм. Өөрөөр хэлбэл, бай нь жижгэрнэ гэсэн үг. Хасаа нь найман сантиметрийн диаметртэй, өндөр нь бас тийм хэмжээтэй байдаг.
 

-Энэ удаагийн тэмцээнд оролцоод өмнө нь гаргасан амжилтаа ахиулж чадсан уу?

 

-Би нийлбэр оноогоор байр эзэлж байгаагүй. Өмнөх жилүүдэд ихэвчлэн хана болон хасаа харвааны аль нэг төрлөөр байр эзэлж байсан. Харин энэ удаад нийлбэр дүнгээр байр эзэлж, улсын аварга боллоо. 40 сумнаас 36-г нь оносон. Тэмцээний үеэр надаас гадна нэг харваач 36 оноотой байсан. Тиймээс товх харвахаар болсон. Товх харваанд 16 ширхэг хасаа өрж харвадаг. Хэрвээ хоёр харваач хасаагаа харвах юм бол нэг метр ухардаг ёстой. Ингэж харвасаар аль нэг нь хасаагаа онохгүй алдах хүртэл харвадаг.
 

-Үндэсний баяр наадам удахгүй болно. Улсын аварга шалгаруулах тэмцээнээр харваачдын бэлтгэл ямар байгааг та ажсан байх?

 

-Наадмын өмнө болдог улсын аварга шалгаруулах тэмцээн харваачдад өөрийгөө ямар бэлтгэлтэй байгааг мэдэх боломж олгодог. Энэ жилийн хувьд харваачид бэлтгэл сайтай байгаа шиг санагдсан.
 

-Таны аав Монгол Улсын хошой мэргэн Д.Нямсүрэн. Магадгүй энэ нь таныг харваач болоход нөлөөлсөн болов уу?

 

-Би 12 настайгаасаа сур харваагаар хичээллэсэн.Түүнээс хойш 13 дахь жилдээ сур харваж байна. Мэдээж аав маань намайг харваач болоход нөлөөлсөн. Манай хоёр ах бас сур харвадаг.
 

-Ээжээс тань бусад нь харваач юм байна?

 

-Ээж залуудаа сур харваагаар хичээллэе гэж боддог байсан гэсэн. Гэтэл аав “Бүгдээрээ сур харваад явчихаар ар гэр хэцүүднэ” гээд ээжийн саналыг дэмжээгүй. Тиймээс их ажлыг маань амжуулж өгдөг.
 

-Гэр бүлийн орчин ямар байдаг бол. Наадам дөхөхөөр бүгдээрээ бэлтгэлд гараад явчихдаг уу?

 

-Аав, ах нар харваач болохоор надад амар санагддаг. Бүгд л нэг зорилготой учраас нэг нэгнээ дэмждэг. Тэмцээн уралдаанд оролцсон ч гэр бүлээрээ явахаар түшиг тулгууртай байдаг. Тэмцээний үеэр нум суманд өөрчлөлт гарвал тэдэндээ үзүүлээд засуулдаг. Намайг амжилт гаргахад миний гэр бүлийн тус дэм их.
 

-Тэмцээнд оролцож байхад аавын нөмөр нөөлөг их байдаг уу?

 

-Түшиг тулгуур минь болдог доо. 2012 онд би улсын баяр наадмын түрүү байрын төлөө товх харвасан. Тэр үед аав хажууд хүрээд ирэхгүй юм байх даа гэж бодож байсан. Тэгэхэд би хоёрдугаар байрт шалгарч байлаа. Харин энэ жил Үндэсний их баярт наадмын сур харваанд амжилттай оролцохын төлөө хичээх болно.
 

-Нумыг хэр баргийн хүн татаж чаддаггүй. Харин та 12 настайгаасаа хичээллэсэн гэхээр нэлээд бяртай юм байна?

 

-Аливаа зүйлийн эвийг олохоор амархан болдог. Эмэгтэйчүүдийн нумыг татахад 25-32 кг-ын ачаа өргөсөнтэй дүйцэхүйц хүнд байдаг. Эмэгтэй зарим харваач 35 кг-тай адил хүнд нум татдаг. Миний хувьд харвахад хэцүү, хатуу нумаар харвадаггүй. Хамгийн гол нь бэлтгэлээ сайн хийхээр гарт орчихдог юм. Сур харваагаар өндөр настан ч хичээллэдэг шүү дээ. Тиймээс эв дүй л хэрэгтэй. Тэтгэвэртээ гараад сур харваагаар хичээллээд спортын мастер болсон хүн байдаг. Тиймээс л үндэсний сурыг нас, хүйс харгалзахгүй спорт гэдэг. 
 

-Эрүүл мэндийн хувьд ч их ач тустай байх нь?

 

-Бид ихэвчлэн гадаа задгай талбайд харвадаг болохоор агаар салхинд байнга гардаг. Мөн эмэгтэйчүүд 65, эрэгтэйчүүд 75 метр зайнаас харвадаг. Харваач дөрвөн сумаа харвасны дараа дараагийн хүнийхээ сумыг харж өгдөг. Тэгэхээр тэр чинээгээрээ дасгал хөдөлгөөн хийж байна гэсэн үг. Сүүлийн үед нас харгалзахгүй үндэсний сураар хичээллэх хүн олширч байна. 
 

-Харваачид байгалийн араншинг шинждэг, сүрхий мэдрэмжтэй хүмүүс байдаг. Ялангуяа салхины чигийг сайн анзаарч сумаа тавьдаг шүү дээ?

 

-Энэ бол үндэсний сурын онцлог юм. Бид эвэр нумаар харвадаг. Эвэр нум халуунд зөөлөрдөг. Үүнээс болж нумын шидэлт багасдаг. Цаг агаар хүйтэн үед хатуурдаг. Тэр болгоныг мэдэрч харвах ёстой. Дээрээс нь салхитайд сум хийснэ. Ерөнхийдөө удаан харваад ирэхээр туршлагатай болдог. Нумаа ч гэсэн мэдэрдэг болдог. ......
 

арим харваач нэг л нум сумаар харвадаг. Харин таны хувьд?

 

-Тогтсон нум сумаар харвахыг боддог. Гэхдээ сумыг модоор хийдэг болохоор хугарах тохиолдол олон гарна. Тиймээс яалт ч үгүй сольдог. Харин нумаа сольдоггүй. Одоо харваж байгаа нумаа би хүүхэд байхдаа урлуулсан.
 

-Гэрийнхнийхээ нум сумыг аав тань урладаг уу?

 

-Аав нум сум урладаггүй. Харин өвөө маань урладаг байсан гэсэн. Манай гэр бүлд одоохондоо өвөөгийнхөө авьяасыг өвлөсөн хүн байхгүй. Тиймээс нум сум урладаг хүмүүсээс худалдаж авдаг юм.
 

-Таны өвөө харваач хүн байсан юм уу?

 

-Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат. Өвөө маань улсын наадамд цэц мэргэнээ сорьж байгаагүй ч нутагтаа нэр хүндтэй харваач байсан юм.
 

 

Б.Сэлэнгэ 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)