Грек өрөө хугацаандаа төлж чадсангүй

Евро бүсийн Сангийн сайд нар тусламжийн хөтөлбөрийг сунгахаас татгалзсанаар Грек улс Олон улсын валютын санд 1.6 тэрбум еврогийн зээлээ хугацаанд нь эргэн төлж чадсангүй. Ингэснээр тус улс өндөр хөгжилтэй орнууд дундаа ОУВС-нд зээлээ хугацаанд нь төлж чадаагүй анхны орон болж байгаа аж. Сангийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар мэдэгдэлдээ “Грек улс зээлээ хугацаанд нь төлж чадаагүйг бид Гүйцэтгэх зөвлөлдөө мэдээллээ. Ингээд тус улс албан ёсоор өртэй орнуудын тоонд орж байна. Одоо тус улс өрөө төлсөн тохиолдолд л дараагийн санхүүжилтийг авах боломжтой” гэжээ. Мөн Грекийн Засгийн газар зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах хүсэлтийг ОУВС-д тавьсан бөгөөд энэ асуудлыг удахгүй удирдах зөвлөлөөрөө хэлэлцэх талаар дурджээ. Харин Евро бүсийн бусад гишүүд, олон улсын зээлдэгчид эцсийн мөчид Грекээс тавьсан, хоёр жилийн хугацаатай тусламжийн шинэ хөтөлбөрийн саналыг хэлэлцэхээр болсон байна. Еврогийн бүлгийг энэ жил тэргүүлж буй Нидерландын Сангийн сайд Йерун Дейсселблум энэ талаар мэдэгдэхдээ Грекийн хүссэн хоёр жилийн хугацаатай, 29.1 тэрбум еврогийн тусламжийн хөтөлбөрийн саналыг удахгүй авч хэлэлцэнэ гэжээ. Гэхдээ Германы Канцлер Ангела Меркель ирэх ням гаригт болох бүх нийтийн санал асуулгын дүн гарах хүртэл шинэ хөтөлбөрийг хэлэлцэхгүй байх санал гаргасан байна. Уг санал асуулгаар Грекийн ард түмэн олон улсынзээлдэгчдээставьжбуй, төсвийн зардлыг нэмж танах, шинэчлэл хийх шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэх бөгөөд хэт хэмнэлтийн төлөвлөгөөг эсэргүүцэгч Ципрасын Засгийн газар эрс шийдэмгийгээр “үгүй” гэж хэлэхийг ард түмэндээ уриалж байгаа юм. Талууд шинэ хөтөлбөр дээр тохиролцоонд хүртэл Грекийн Засгийн газарт зээлдэгчдийн зүгээс ямар ч санхүүжилт олгохгүй, дээр нь Европын Төв банк Грекийн арилжааны банкуудын “амь зогоох” онцгой байдлын санхүүжилтээ ч зогсоогоод байгаа билээ. Одоо энэ сарын 20-нд Европын Төв банкнаас авсан зээлээ эргэн төлж чадахгүй тэр хүртэл шинээр тусламжийн хөтөлбөрийн авч чадахгүй бол тухайн үед Грекийн “жинхэнэ төгсгөл ирнэ”, Грекийг Евро бүсэд үлдээх сонголт үгүй болно гэж ажиглагчид үзэж байна. Тиймээс ойрын хэдэн өдрийн дотор гарц олж чадвал энэ сарын 5-нд товлосон бүх нийтийн санал асуулгаа ч цуцалж магадгүй гэсэн санал Грекийн эрх баригчдын зүгээс яригдаж эхэлжээ. Хэдийгээр энэ бүх нийтийн санал асуулгаар тусламжийн хөтөлбөрийн оронд олон улсын зээлдэгчдээс тавьж буй шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсэхийг ард түмнээс асуух боловч давхар Грек улс Евро бүсэд үлдэх эсэхийг шийдэх үйл явц болно хэмээн ажиглагчид үзэж байна. Энэ зуур хэсэг иргэн Грекийн парламентын ордны гадаа цугларч, зээлдэгчдийн тавьж буй шаардлагыг хүлээж авахыг уриалжээ. Хэрэв Грек Евро бүсээс гарвал зөвхөн тус улсын эдийн засаг уналтад ороод зогсохгүй, хүндрэлээс дөнгөж гарч буй дэлхийн эдийн засагт дахин тогтворгүй байдал үүсгэж, Евро бүсийн задралын эхлэлийг тавих томоохон эрсдэлтэй гэсэн айдас Европоос хальж, АНУ, БНХАУ-ын зүгээс талуудыг нэн даруй тохиролцоонд хүрэхийг уриалаад байгаа юм. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор зэрэглэл тогтоох агентлагууд тус улсын зээлжих зэрэглэлийг бууруулж эхэлжээ. Өмнөх өдөр нь арилжааны дөрвөн банкны зээлжих зэрэглэлийг хамгийн доод хэмжээнд хүргэж бууруулсан “Fitch” агентлаг өчигдөр Грекийн Засгийн газрын зээлжих зэрэглэлийг CCC-ээс СС болгожээ. Грекийн өрийн хэмжээ 323 тэрбум евро буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 177 хувьтай тэнцээд байгаа юм. Грекийг хүлээж буй “эгзэгтэй” өдрүүд Долоодугаар сарын 5: Грекийн бүх нийтийн санал асуулга. Долоодугаар сарын 10: Цалин, тэтвэр тавих хоёр тэрбум евро шаардлагатай Долоодугаар сарын 20: Евробүсийн зээлдэгчдэд 3.5 тэрбум еврогийн бондын эргэн төлөлт хийнэ. Хэрэв төлж чадахгүй бол Европын Төв банкнаас онцгой байдлын тусламж авах эрхийг нь хасч болзошгүй. Наймдугаар сарын 20: 3.2 тэрбум еврогийн бондын эргэн төлөлт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.72.247.249)

    2015-07-02

    энд тэнд очин зээл гуйлга гуйсаар байгаад Грекийн араас монгол улс орох вий дээ өмнөх хүний алдааг би хариуцахгүй гэж төрийн түмшэд нар хэцүү дээ

  • зочин (202.72.247.249)

    2015-07-02

    энд тэнд очин зээл гуйлга гуйсаар байгаад Грекийн араас монгол улс орох вий дээ өмнөх хүний алдааг би хариуцахгүй гэж төрийн түмшэд нар хэцүү дээ

  • зочин (150.129.142.127)

    2015-07-02

    Хүнийг тэгж байна ингэж байна гэж анхааруулж байгаа нь сайн хэрэг.гэвч бид удахгүй өрөө төлж чадахгүй болох бий вий дээ