Европ даяар аагим халуун болж байна

 

Европын ихэнх хэсэгт аагим халуун өдрүүд үргэлжилж, агаарын температур цельсийн 40 хэмээс дээш гараад байна. Үүнтэй холбоотойгоор Испани, Португалид хэдийнэ өндөр- жүүлсэн бэлэн байдал зарлажээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ долоо хоногийн эхээр Испанийн Кордоба хотод гэхэд цельсийн 44 хэмд хүрч халсан байна. Халуун агаарын урсгал одоо Франц, Итали, Бельги, Нидерландад хүрээд байгаа аж. Түүнчлэн Их Британид 2006 оноос хойшхи хамгийн халуун өдрүүд тохиож байгаа бөгөөд аагим халуун цаг агаар ойрын хэдэн өдрүүдэд үргэлжилнэ хэмээн цаг уурын мэргэжилтнүүд мэдээлж байгаа юм. Парист мөн цельсийн 40 хэмд хүрч халж буй. 2003 онд тус хотыг агаарын хэт халуун урсгал дайрсны улмаас ойролцоогоор 15 мянган хүн амиа алдсан хар өдрүүдийг санагдуулж байна хэмээн “AFP” агентлаг мэдээлж байна. Тиймээс Парис хотын засаг захиргаанаас олон нийтэд зориулсан, тусгай сэрүүцүүлэгчтэй түр өрөөнүүдийг нээж, тэндээ халуун цаг агаарт хямарсан хүмүүс, тэр дундаа ахмад настнуудад үзлэг хийж, зөвлөгөө өгч эхэлжээ. Испани даяар 40 гаруй мужид хэдийнэ анхааруулга тарааж, Кордоба хотод аюулын улаан төвшинг зарласан байна. Хөрш зэргэлдээ Португали дөрвөн муждаа улбар шар төвшний анхааруулга өгчээ. Хоёр орны аль аль нь хэт халууны улмаас ойн түймэр нэмэгдэх эрсдэл өндөрсч буйд ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Мөн ард иргэдийг өдрийн ид халуун цагаар онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг анхааруулж, нарнаас хамгаалах тос хэрэглэж, хангалттай хэмжээний ус уухыг зөвлөж байгаа юм байна. 
 

ХЭТ ХАЛУУНЫГ ХҮНИЙ БИЕ ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВДАГ ВЭ 
 

Хүний биеийн дулааны хэвийн хэмжээ цельсийн 37-38 хэм байдгийг бүгд мэднэ. Хэрэв халуун 39-40 хэмд хүрч нэмэгдвэл тархинаас булчингуудад удаашрах “тушаал өгснөөр” бие сульдаж эхэлдэг байна. Харин 40-41 хэмд хүрснээр хүний бие туйлдаж, 41 хэмээс дээш гарснаар бие эрхтний ажиллагаа зогсч эхэлдэг. Эндээс химийн өөрчлөлтийн үйл явцууд эхэлж биеийн эсүүд муудаж, олон эрхтний ажиллагаа нэг дор зогсох эрсдэлтэй. Ийм үед арьсанд хүрэх цусны эргэлт зогсч, бие хөлс ч ялгаруулж чадахаа больсноор даарч дагждаг байна. Цельсийн 40 хэмээс дээш наранд цохиулсан тохиолдолд мэргэжлийн төвшний эмчилгээг цаг алдалгүй хийх шаардлагатай бөгөөд хэрэв цаг алдвал амьд үлдэх магадлал тун бага болдог аж. Харин дээрх нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд шингэн зүйл, тэр дундаа ус их уух, биеийн дулааныг хэвийн хэмжээнд хадгалах хувцас өмсөх, гараа хүйтэн усанд дүрэх, цонхныхоо ойролцоо сэнс ажиллуулах, хүйтэн гэхээсээ илүү бүлээн шүршүүрт орох, биеийн бусад хэсгээс илүү нүүрээ сэвүүрээр сэрүүцүүлэх хэрэгтэй хэмээн эмч мэргэжилтнүүд зөвлөжээ. 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)