Хорватын хөлбөмбөгийн удирдлагуудыг баривчлав

Хорватын хөлбөмбөгийн шилдэг клуб “Динамо Загреб”-ын удирдах төвшний хоёр албан тушаалтныг их хэмжээний мөнгө шамшигдуулсан, татвараас зайлсхийсэн хэргээр баривчилсан байна. Тодруулбал, клубийн удирдах зөвлөлийн дарга Здравко Мамич, түүний дүү, клубийн дасгалжуулагч Зоран нарыг хууль бус гэмт хэргээрээ2008 оноос хойш клубт 118 сая кунас буюу 17.3 сая ам.долларын хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа аж. Мөн төрд 12 сая кунасын хохирол учруулжээ. Гэвч ах дүү Мамич гэм буруугүй гэдгээ батална хэмээн мэдэгдсэн байна. Ялангуяа Хорватын хөлбөмбөгийн хамгийн нөлөө бүхий хүн гэгддэг Здравко Мамич энэ хэргийг огт ор үндэсгүй, харин улс төрийн сэдэлтэйгээр зохион байгуулсан ажиллагаа хэмээн үзэж буйгаа мэдэгдээд байгаа юм. Клубийн албан ёсны вэб хуудас дээр ч ах дүүсийг гэм буруугүйгээ нотлох хүртэл нь бүрэн дэмжинэ гэсэн мэдэгдэл гаргажээ. Цагдаа нар клубийн оффис болон Хорватын хөлбөмбөгийн холбооны байр, ах дүүсийн гэрийг нэгжсэний дараа дахин хоёр хүнийг баривчилсан гэсэн мэдээллийг өгчээ. Цагдаа нар дөрвөн сэжигтнийг үргэлжлүүлэн саатуулах саналтай байгаа ч Загребын шүүхээс энэ асуудлаар хараахан шийдвэр гаргаагүй байгаа аж. “Динамо Загреб” нь арван жил дараалан улсын аварга болсон Хорватын хөлбөмбөгийн хамгийн шилдэг клуб юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)