Дэвид Кэмерон европын холбоог дахин “сүрдүүлэв”

 

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны бичсэн “Брюссель Лондоны байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй бол Европын холбоог орхих улсуудыг дэмжинэ” хэмээсэн нийтлэл “Guardian” сонины өнгөрсөн бямба гаригийн дугаарт гарчээ. Тус нийтлэлд Дэвид Кэмероны байр суурийг “Европын холбооны гишүүнчлэлийн талаарх үндсэн гэрээг шинэчлэх Лондоны шаардлагыг харгалзан үзэхийг хүсч байна. Мөн Европын холбоо Их британичуудийн хувьд зөв сонголт мөн эсэхийг мэдэхгүй. Би шинэчлэгдсэн Европын холбооны нэг гишүүн нь байхыг хүсдэг. Хэрвээ Европын холбоо шинэчлэлийг хүлээн зөвшөөрвөл, би евро бүсийн хөгжил, бат бөх түншлэлийг хадгалж үлдэх бүх зүйлийг хийх болно” гэжээ. Дэвид Кэмерон, манай улсын бүрэн эрхт байдалд ноцтой эрсдэл учруулахуйц Европын холбооны улс орнуудаас ирэх шилжилт хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтаа үнэнч буйгаа илтгэсэн байна. Тэрбээр Европын холбооны гишүүн бусад орноос шилжин ирсэн иргэдийн эрхийг хязгаарлах тухай төлөвлөгөөгөө өнгөрсөн жил танилцуулсан билээ. Түүний төлөвлөгөөнд Их Британи төдийгүй Европын холбооны гишүүн бусад улс шүүмжлэлтэй хандсан юм. Кэмерон Европын холбооны гишүүн орны иргэд Британийн нийгмийн халамжийн салбарын өргөн боломжийг урвуулан ашиглаж, Британид хэт олон ажлын байр авч, британичуудыг ажилгүй болгож байгааг энэ удаад ч шүүмжилсэн байна. Цаашид хөдөлмөрийн зах зээл дээр британийн иргэдэд давуу боломж олгохын тулд Европын холбооны гишүүн бусад орны иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хатуу хянах тухай ярьж байгаа Их Британийн Засгийн газрын тэргүүн энэ тухай захидлаа Европын Зөвлөлийн дарга Дональд Тускт маргааш илгээх юм байна. Английн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр Дэвид Кэмерон Европын зөвлөлийн даргад захидал илгээсэн өдрөө хэвлэлийн хурал хийхээр төлөвлөсөн аж. Уг хурлаар Европын холбооны шинэчлэлийн талаар өөрийн шаардлагын жагсаалтыг танилцуулах юм байна. Дэвид Кэмерон Европын холбоог орхих хүсэлтэй байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн бөгөөд энэ тухай олон нийтийн санал асуулгыг 2017 онд зохион байгуулахаа мэдэгдэж байсан юм.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)