Шинзо Абэ: Япон эмэгтэйчүүд улсынхаа эдийн засгийг аварна

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ улсынхаа эмэгтэйчүүдийн ажиллах таатай орчинг бий болгох томоохон шинэчлэл явуулах төлөвлөгөөтэй бай- гаа аж. Тиймээс Ш.Абэ “Бизнест эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо” олон улсын бага хурал дээр хэлсэн үгэндээ, “Эмэгтэйчүүдийн ажлын цагийг багасгах талаар төрөөс анхаарах болно. Мөн эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн бодлогыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Япон улсад төрөлтийн төвшин сүүлийн жилүүдэд буурч байгаа нь ажлын байртай холбоотой. Энэ бол манай улсад учруулж буй хохирол” хэмээн онцолжээ. Түүнчлэн эмэгтэй ажилтнуудынхаа нийгмийн халамжийн бодлогод шинэчлэл хийсэн компаниудыг Засгийн газраас дэмжинэ гэдгээ Шинзо Абэ амласан байна. Тэрбээр нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх асуудлыг ирэх жил Япон улсад зохион байгуулах Их долоогийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болно гэдгийг онцлон тэмдэглэжээ. Японы нийгэм дэх хүйсийн тэгш байдлыг хангах өөрчлөлтийн талаар 1990 оноос хойш тус улсын эрх баригчид анхаарч ажиллах болсон билээ. Япон улс эмэгтэйчүүд удирдах албан тушаалд томилогдох, бизнес эрхлэхэд таагүй орнуудын нэг юм. Ялангуяа хүйсээр ялгаварлах үзэл энэ улсад газар авсан ба хүүхэд төрүүлж, жирэмсний амралтаа авснаар тухайн эмэгтэйн ажлын карьер дуусгавар болдог байна. Иймээс Шинзо Абэ жирэмсний амралтын дараа эмэгтэйчүүд ажилдаа эргэн орох нөхцлийг бүрдүүлэхэд Засгийн газар анхааран ажиллах болно гэжээ. Ерөнхий сайд Шинзо Абэ үндэсний эдийн засгаа сэргээн босгож, хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоонд найдаж, феминист үзлийг дэмжиж ажиллахаа “Бизнест эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо” олон улсын бага хурлын үеэр амласан байна. Харин Японы томоохон корпорациуд эдийн засгаа өсгөх гэсэн рөнхий сайдынхаа бодлогыг “Абэнист” хэмээн нэрлэн, дурамжхан хүлээн авчээ. Хэрвээ тус улсын эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт нэмэгдвэл Японы ажиллах хүчний тоо хэдэн саяар нэмэгдэж магадгүй гэсэн судалгааг Японы Засгийн газраас гаргажээ. “CNN” агентлагийн мэдээлснээр “Японд ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүдийн цалинг нэмэх илүү уян хатан ажлын байрны соёл хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ эмэгтэйчүүд хүүхэд төрүүлснээсээ болж ажлаа орхидоггүй бол Японы ажиллах хүчин 4.5 саяар нэмэгдэнэ. Японы эдийн засагт үзүүлж буй эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүдэд хүүхдээ өсгөхөд нь тусалсан илүү уян хатан ажлын цагтай болгох хэрэгтэй” гэсэн саналыг Засгийн газартаа дэвшүүлсэн байна. Судалгаанаас үзвэл япон эмэгтэйчүүд 30-аад насандаа ажлаасаа гардаг бөгөөд үүний нэг шалтгаан нь цалин багатай холбоотой гэнэ. Японд эмэгтэй ажилчдад өгч байгаа урамшууллын хэмжээ эрэгтэйчүүдийн урамшууллын 40 хувьтай тэнцдэг бөгөөд цагийн хөлс нь эрэгтэй ажилчны цалингийн 70 хувьтай тэнцэж байна. Япон дэлхийн хамгийн том эдийн засгуудын нэгд тооцогддог боловч төрөлтийн төвшнөөрөө хамгийн доогуур улсуудын нэгд ордог. Японы Засгийн газрын тооцоолж байгаагаар 2050 он гэхэд Японы хүн амын 40 хувь нь 65-аас дээш настай байх аж. Ажиллах хүчин багасна гэдэг нь Японы эдийн засгийн татварын суурь багасч байна гэсэн үг. Хэрвээ татвар төлөгчдийн тоо нь жил ирэх бүр багассаар байх юм бол Японы Засгийн газарт улам бүр хүнд болох юм.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)