Т.Энхжин: 2020 оны олимпод оролцохыг хүсч байна

 

БНСУ-д болсон таеквондогийн өсвөрийн аварга шалгаруулах цуврал тэмцээнд амжилттай оролцоод ирсэн манай тамирчид өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэмцээнээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртэж, олон улсын хэмжээний мастерын болзол хангасан10 настай Т.Энхжинтэй ярилцлаа.

 

-Таеквондогоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

 

-Хоёр дахь жилдээ хичээллэж байна. Манай аав залуудаа тулааны спортоор хичээллэдэг байсан. Тиймээс намайг таеквондогийн клубт оруулсан.

 

-Өмнө нь ямар тэмцээнд оролцож байсан бэ?

 

-Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээний бага насны ангилалд өрсөлдөж, алтан медаль авсан. Харин сая олон улсын анхны тэмцээндээ амжилттай оролцлоо. Миний гаргасан амжилт “Олимп” клубийн багш дасгалжуулагчид, тэр дундаа Ү.Ган-Эрдэнэ багшийн маань уйгагүй хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой.

 

-БНСУ-д болсон тэмцээнд оноогоор илт давуу хожиж чадсан уу?

 

-Ойрхон оноогоор л хожиж байлаа. Харин “Сонгнам” хүүхдийн олон улсын тэмцээний үеэр хожигдох дөхсөн шүү. Боломжтой үеийг хүлээж байгаад жеки (таеквондогийн өшиглөлтийн техник) дарж хожсон. Тэмцээний үед хожино гэсэн итгэл дүүрэн байсан.

 

-Олон улсын хэмжээний мастерын болзлыг хангасан байна. Ирээдүйн зорилгоо тодорхойлсон уу?

 

-Би таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин болохыг хүсдэг. 2020 оны Токиогийн олимпод оролцохыг хүсч байна. Бас Монголынхоо хамгийн мундаг тамирчин болмоор байна.

 

-Таеквондогоор хичээллэх хүсэлтэй үе тэнгийн хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгмөөр байна вэ?

 

-Үеийнхэндээ “Таеквондогийн спортоор хичээллээрэй” гэж зөвлөе. Таеквондо олимпын төрөлд багтсан спорт. Тиймээс надтай адилхан спортоор хичээллэж, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр ах шиг Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан тамирчин болоорой гэж ерөөе.

 

М.Уугантамир

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)