Чон Мон-жун: ФИФА-г авлигаас ангижруулахыг хүсч байна

 

Өмнөд Солонгосын тэрбумтан, үйлдвэрлэлийн салбарт манлайлагч“Хьюндай” группийн хувьцаа эзэмшигч Чон Мон-жун Дэлхийн хөлбөмбөгийн холбоог авлигаас ангижруулахыг хүсч буй тухай“CNN” агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Тэрбээр “Хьюндай” группийн үүсгэн байгуулагчийн зургаа дахь хүү нь юм. Чон Мон-жун ФИФА-гийн ерөнхийлөгчөөр ажиллахыг эртнээс хүссэн аж. “Хьюндай” групп нь1999 оноос хойш ФИФА-гийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан байна. Иймээс Чон Мон-жун хөлбөмбөгийн холбооны дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал өндөр юм. ФИФА-гийн одоогийн ерөнхийлөгч Зепп Блаттер өнгөрсөн тавдугаар сарын29-нд тав дахь удаагаа улиран сонгогдсон боловч дөрвөн өдрийн дараа өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ хэлсэн билээ. Учир нь тус холбооны удирдлага түүхэндээ байгаагүй хээл хахууль, авлигын хэрэгт холбогдсон. Холбоонд өндөр албан тушаал хашдаг14 хүнийг авлига, хээл хахуулийн хэргээр баривчилсан юм. Өдгөө 63 настай, “Форбес” сэтгүүлийн мэдээлснээр 1.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Чон Мон-жуны хувьд ФИФА-г Европ гаралтай бус хүн удирдах нь зүйтэй гэж үздэг байна. Холбооны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээ зарлаад буй Европын Хөлбөмбөгийн холбооны(UEFA) ерөнхийлөгч Мишель Платиниг энэ суудалд тохирох хүн биш гэж боддогоо нуудаггүй аж. Мөн ирэх жил болох сонгуульд Бразилийн хөлбөмбөгийн од Зико буюу Артур Антунес Коимбра нэр дэвшихээ албан ёсоор зарласан билээ.

 

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)