Хоёр Солонгосын түүхэн уулзалт

 

Хоёр Солонгосын дээд албан тушаалтнууд өнгөрсөн долоо хоногт хилийн бүсэд орших Панмунжом хотноо хаалттай уулзалт зохион байгуулжээ. Тус хотод1953 онд хоёр тал гал зогсоох тухай гэрээ байгуулсан түүхтэй. Уулзалтад Өмнөд Солонгосын талаас Ерөнхийлөгчийн зөвлөх аюулгүй байдлын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Ким Гван Чжин, хоёр Солонгосыг нэгтгэх асуудлыг эрхэлсэн сайд Хон Ён Пё нар оролцсон байна. Харин Умардын талыг төлөөлж Өмнөд Солонгосын асуудал эрхэлсэн сайд Ким Ян Гон, Солонгосын Ардын армийн улс төрийн газрын тэргүүн Хван Бён нар уулзалтад оролцжээ. Энэхүү уулзалтыг зохион байгуулах санаачилгыг Умардын тал өнгөрсөн баасан гаригт гаргаж, Өмнөдийн тал бямба гаригт зөвшөөрсөн хариу өгсөн байна. Өмнөдийн тал цэргийн албан хаагчид нь хилийн цэрэггүй тусгай бүсэд газрын мина дээр дэлбэрсэнд санаа зовинож буйгаа илэрхийлсэн аж. Харин Умардын төлөөлөгчид Өмнөдийн талаас хилийн бүсэд суртал ухуулга явуулж, олон тооны чанга яригч ажиллуулж эхэлснээ зогсоохыг шаарджээ. Энэ удаагийн хямралыг шийдвэрлэхэд амаргүй гэдгийг мэргэжилтнүүд өгүүлдэг. Гэсэн хэдий ч талууд аль алинийх нь хувьд хүлээн зөвшөөрөхүйц хувилбарыг эрэлхийлж яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаа аж. Хоёр талаас хэлэлцээр хийж эхлэх үед хурцадмал байдал дээд цэгтээ хүрч байжээ. Тухайлбал, Умардын төв телевизээр залуу удирдагч Ким Чен Ун дайсанд хатуу хариу цохилт өгнө хэмээн мэдэгдсэнийг цацаж, америкчууд Өмнөд Солонгосын цэргийнхэнтэй хамтран байлдааны сөнөөгч онгоц бүхий цэргийн сургуулилт хийсэн юм. Өмнөд Солонгосын зүгээс хилийн бүсэд өдөртөө10 цагийн турш ухуулга бүхий нэвтрүүлэг цацдаг ба Умардын тал тэдгээр чанга яригч төхөөрөмжийн зүгт гал нээсний дараа зөрчилдөөн хурцадсан Умардын талаас гал нээсний хариуд Өмнөд Солонгосын цэргийнхэн хүнд их буугаар хариу гал нээсэн байна. АНУ-ын тал жил бүр Өмнөд Солонгосын талтай томоохон цэргийн хамтарсан сургуулилт хийж, Солонгосын хойгт хурцадмал байдал бий болдог. Иймэрхүү хурцадмал байдлыг цаашид хадгалах нь АНУ-ын хувьд тус бүс нутагт хяналтаа хадгалж үлдэх зорилгод нь нийцдэг хэмээн ажиглагчид дүгнэдэг юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)