Нажиб Разак эдийн засгаа хямралд хөтлөв

 

 Малайзын Ерөнхий сайдын хувийн дансанд их хэмжээний мөнгө орж байсан тухай дуулиан тус улсад газар авч эхэлжээ. Ерөнхий сайд Нажиб Разакийн дансанд хэн700 сая ам.доллар шилжүүлсэн, тэр мөнгийг юунд зарцуулсан тухай асуултад хэргийн эзэн хариулахаас татгалзсан байна. Ерөнхий сайдыг асуултад хариулахаас татгалзсанаас мөрдөн шалгах ажил гацаанд орсны дараа ирэх амралтын өдрүүдэд гудамжинд иргэд жагсч, түүнийг огцруулахыг шаардахаар болжээ. Нажиб Разакийг гэнэт их хэмжээний мөнгөтэй болсон тухай мэдээлэл өнгөрсөн сард “Уол Стрийт жорнал”-д гарсны дараа Засгийн газрын тогтвортой байдалд эргэлзсэн хөрөнгө оруулагчид тус улсын үнэт цааснуудаас салахын түүс болсон байна. “Ирэх өдрүүдэд та бүхэн гудамжаар дүүрэн шар өнгө харах болно. Улс орон, эдийн засаг нь хүнд байдалд ороод байхад Засгийн газар үүнийг огт ойшоохгүй байгааг ард иргэд ойлгосон” хэмээн иргэний нийгмийн төлөө тэмцэгчдийн нэг Уон Чин Хуат энэ тухай өгүүлжээ. Малайзын сөрөг хүчний хөдөлгөөнүүд2012 онд томоохон жагсаал тэмцэл өрнүүлж, цагдаа нартай мөргөлдөж байсан түүхтэй. Цагдаагийн байгуулллага энэ удааагийн жагсаалыг хууль бус хэмээн зарласан боловч хоёр өдөр үргэлжлэх энэхүү эсэргүүцлийн үйл ажиллагаанд100 мянга гаруй хүн оролцохоо илэрхийлсэн байна. Ерөнхий сайд Нажиб Разакийн 2009 онд сүр дуулиантайгаар байгуулсан Малайзын төрийн өмчийн“1MDB” хөрөнгө оруулалтын компаниас байгуулсан эргэлзээтэй олон гэрээний дагуу их хэмжээний хөрөнгө зувчуулж, компани өрөнд баригдсан тухай дуулиан Малайзад газар авч байна. “Уол Стрийт жорнал”-ын өнгөрсөн сарын2-ны дугаарт өгүүлснээр банкин дахь Нажиб Разакийн хувийн дансанд2013 оны эхэн үеэс хойш700 сая ам.доллар орсон тухай бичсэн юм. Ерөнхий сайд болон“1MDB” эхэндээ сонины мэдээллийг үгүйсгэж, ямар нэг хууль бус үйлдэл хийгээгүй тухай мэдэгдэж байжээ. Гэвч одоо Засгийн газрын гишүүд болон тус улсын Авлигатай тэмцэх агентлагийн удирдлага дансанд орсон, мөнгийг Ойрхи Дорнод дахь нэр нь тодорхой бус эх сурвалжаас өгсөн улс төрийн хандив зориулалттай байсныг өгүүлсэн байна. Гэсэн хэдий ч ямар нэг хууль бус үйлдэл гараагүй гэхээс өөр тайлбар өгөөгүй байна. Мөн дансуудыг хаасан боловч мөнгө хэрхсэн нь тодорхой биш хэвээр аж. Малайзын олон нийт албан ёсны тайлбарт итгэхгүй байгааг тус улсын улс төр судлаач Жэймс Чин өгүүлжээ. “Нажиб олны итгэлийг алдсан. Хүмүүс түүний тайлбарт огт итгэхгүй байхад өөрийнхөөрөө зүтгэсээр л байна” хэмээн улстөр судлаач ярьсан байна. Ерөнхий сайд Нажиб Разак улс төрийн дайснууд нь түүний эсрэг хуйвалдаан зохион байгуулсан тухай мэдэгдэж, уг хэргийг мөрдөж байсан хэд хэдэн албан тушаалтныг халж, заримыг нь өөр ажилд томилж, энэ сэдвийг хөндсөн Засгийн газрын гишүүдийг зайлуулсан аж. “1MDB” компанитай холбоотой сэдэв хөндсөн сониныг гурван сарын хугацаагаар хаажээ. Мөн Засгийн газраас интернэт дэх мэдээллийг хянаж зохицуулахаар төлөвлөж буйг Нажиб Разак өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах гэж байна гэсэн хардлага дагуулсан аж. Тэрбээр шинэ зохицуулалт нь хүний нэр төрд халдаж, интернэтийг худал мэдээлэл тавьж, хүнийг доромжлох боломжтой ямар нэг зохицуулалтгүй орон зай болгохоос сэргийлэх үүрэгтэйг ярьсан байна. Малайзын эдийн засгийн төлөв байдлыг сэтгэл түгшин ажиглаж байсан хөрөнгө оруулагч Нажиб Разак энэхүү улс төрийн хямралаас өөр зүйлд анхаарахаа больсон хэмээн үзэж, хөрөнгөө татах нь нэмэгдсэнийг“Bank of America Merrill Lynch”-ийн шинэ тулгар эдийн засагтай улс орнуудын мэргэжилтэн Чуа Хак Бин өгүүлжээ. Тэрбээр“Засгийн газар улс төрийн хүрээнд тэсч үлдэхэд л анхаарч байгаагаас эдийн засагт хямралд тулж ирлээ. Хөрөнгө оруулагчдын хувьд энэ нөхцөл байдал хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй байгаагаас санаа зовинож байна” хэмээн энэ байдлыг тайлбарласан байна. Малайз улсыг1981-2003 онд удирдаж байсан Махатир Мохамад Ерөнхий сайдыг хурцаар шүүмжилжээ. Улс төрийн хүрээнд нэр нөлөөгөө хадгалж чадсан тэрбээр энэхүү дуулианы тухай сайн тайлбарлаж, олон нийтийн итгэлийг сэргээхгүй бол эдийн засаг сүйрч, хэрэглэгчид хохирч болзошгүйг блогтоо тайлбарласан аж. Улс төр судлаачид Нажиб Разак мөрдөн шалгах ажлыг саатуулахын тулд төрийн эрх мэдлээ ашиглаж, Нэгдсэн малайчуудын үндэсний байгууллага(НМҮБ) намдаа ямар нэг шинэчлэл хийхгүй хэмээн таамаглаж байна. Гэхдээ2018 онд болох бүх нийтийн сонгуульд энэ хэрэгтэй холбоотой дуулиан хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй аж. Малайзад авлигын хэрэгтэй холбоотой сүүлийн үед гарсан дуулианууд, 1957 оноос хойш эрх барьж буй улс төрийн эвслийн нэр хүндэд сэвтүүлжээ. Мөн НМҮБ намаас үндэс угсаагаар ялгавартай бодлого хэрэгжүүлж ирсэн нь олон үндэстэн бүхий улс орных нь иргэдийн дэмжлэг хүлээхээ больсон байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)