Нээлттэй тэмцээнд Б.Гүндаваа түрүүллээ

 -ИРАНЫ ӨСВӨРИЙН ШАТАРЧИД ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРЛАА-

 

        Манай улс анх удаа Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 19-нд “Хүннү молл” төвд нээлтээ хийсэн 16 хүртэлх насны дэлхийн олимпиад болон “Mongolian open” хэмээх олон улсын нээлттэй тэмцээн өнгөрөгч баасан гаригт өндөрлөж, шилдэг баг тамирчин тодорлоо. Энэхүү тэмцээнд дэлхийн 23 орны 35 багийн 160 гаруй шатарчин оюун ухаанаараа өрсөлдсөн юм. Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад нийт 10 өрөг тоглохоос найман хожил, хоёр хожигдолоор тэмцээнийг Ираны баг тэргүүлж, Энэтхэг, ОХУ-ын баг мөнгө, хүрэл медаль хүртлээ. Харин зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас 11 баг оролцож “Завхан баг” IX, “Монгол-I” Х байрт орсон амжилттай тэмцээн өндөрлөлөө. Мөн тэмцээний үеэр УИХ-ын гишүүн Я.Санжмятавын нэрэмжит “Mongolian Open” тэмцээн болсон бөгөөд их мастер Б.Гүндаваа 7,5 оноогоор түрүүлж, Н.Баттулга, Н.Төвсанаа, Э.Энхнар, М.Мөнгөнхүү нар II-V байрыг эзэлжээ. Энэхүү тэмцээнд нийт таван орны 85 тамирчин өрсөлдсөн бөгөөд БНХАУ, ОХУ, Киргизстаны шатарчид оролцсон байна.

 

Тус тэмцээний шагналын сан 25 сая төгрөгт багтсан бөгөөд түрүүлсэн шатарчин зургаан сая, дэд байр дөрвөн сая, гуравдугаар байр гурван сая, дурөвдүгээр байр 2,5 сая, V байр хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал хүртжээ. Тэмцээний 20 дугаар байрт орсон шатарчин 200.000 төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн байна. “Mongolian Open” тэмцээний залуу шатарчин З.Ангар шилдэг хүүхдийн шагналыг авсан юм.

 

Б.ГҮНДАВАА: МОНГОЛД БОЛСОН ТЭМЦЭЭНЭЭС АВСАН ХАМГИЙН ӨНДӨР ШАГНАЛ БАЙЛАА

 

“Mongolian open” тэмцээний ялагч “Шунхлай” группийн тамирчин, их мастер Б.Гүндаваатай ярилцлаа.

 

-Юуны түрүүнд танд баяр хүргье. Танд хожил авчирсан сүүлчийн өргийг ямар тамирчинтай тоглосон бэ?

 

-Баярлалаа. Сүүлийн өрөгт олон улсын мастер Н.Баттулгатай тоглож тэнцсэн.

 

-Олон улсын чанартай шатрын тэмцээнийг манай улс анх удаа зохион байгууллаа. Бусад орныхтой харьцуулбал манай улс хэр хэмжжээнд зохион байгуулсан бэ. Гадаадын багш, дасгалжуулагч, тамирчин ямар сэтгэгдэлтэй байсан бол?

 

-Сайн зохион байгуулж чадсан гэж бодож байгаа. Олон улсын тэмцээний стандартад бүрэн нийцсэн гэж хэлж болно. Манай гадаадын зарим найзууд ирсэн байсан. Тэд сэтгэл хангалуун өндөр сэтгэгдэлтэй байсан.

 

-Шагналын сан олны анхааралд их өртөөд байсан. Зургаан сая гэдэг бол Монголд бага биш харин олон улсын хувьд энэ шагнал хэр хэмжээнд байдаг.

 

-Тиймээ. Миний хувьд Монголд болсон тэмцээнээс авсан хамгийн өндөр шагнал байлаа. Ер нь олон улсын тэмцээний шагналын дундаж жишигтэй ойролцоо байсан. Дундаж тэмцээний шагнал 20 мянган ам.доллар байдаг.

 

-Тэгвэл гадаадын тэмцээнээс авч байсан хамгийн өндөр шагнал хэд байсан бэ?

 

-1500 евро. Өнгөрсөн жил “Malta open” нээллтэй тэмцээнд түрүүлэхэд хүртсэн шагнал юм байна.

 

-Шатраар хичээллэж эхлээд хэдэн жил болж байгаа вэ. Хамгийн анхны өргөө хэнтэй тоглож байсан бэ?

 

-Шатраар хичээллээд 20 гаруй жил болж байна. Анхны өрөг гэвэл аав, эгчтэйгээ тоглож байжээ.

 

-Ихэвчлэн хожигддог байсан уу?

 

-Мэдээж эхэндээ хожигддог байсан. Шарандаа дахин дахин тоглодог байлаа.

 

-Тэгээд хэр удаж байж хождог болсон бэ?

 

-Дугуйланд явж эхлээд сар гаруйн дараагаас хождог болсон.

 

-Өрсөлдөгчдөө хожигдчихоод шатар тоглохоо болино гэж байсан үе бий юу?

 

-Ер нь тэгж байгаагүй.

 

-Яагаад?

 

-Миний хувьд өөрийгөө ялан дийлэх нь хамгийн чухал гэж боддог. Хүнд үеүд байдаг. Гэхдээ бууж өгөх тухай хэзээ ч боддогүй. Хэсэг хугацаанд завсарласан үе бий.

 

-Ямар шалтгаанаар завсарласан бэ?

 

-Олон жилийн оюуны ачааллаа тайлах гэж завсарласан.

 

-Энэ олон жил тасралтгүй шатраар хичээллэх гол шалтгаан юу байсан юм бэ?

 

-Юун түрүүнд би энэ спортдоо үнэн сэтгэлээсээ дуртай. Мөн гэр бүл, багш нарын дэмжлэг сайн байсан болохоор ийм олон жил тасралтгүй хичээллэсэн байх.

 

-Ер нь ямар орны тамирчидтай тоглоход хамгийн хүнд байдаг вэ?

 

-Хятад, Оросуудтай тоглоход хүнд байдаг. Бас Энэтхэг улсын шатарчид их сайн тоглодог. Ер нь дан ганц улс орон гэхгүй чансаагаар нь ихэвчлэн ярьдаг.

 

-Одоогийн байдлаар дэлхийн чансаагаар ямар орны тамирчид тэргүүлж байна вэ?

 

-Олон улсын шатрын холбооноос сар бүр улс орнуудын болон хувийн чансааг тооцож гаргадаг. Улсаас гэвэл ОХУ, хувь хүнээс Норвегийн шатарчин Магнус Карлсен дэлхийн чансааг тэргүүлж байгаа.

 

-Дараагийн оролцох ямар тэмцээн байна. Азербайжаны нийслэл Баку хотод дэлхийн цомын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тэмцээн эхэлнэ. Энэ тэмцээнд оролцох уу?

 

-Оролцохгүй. Түргэн тоглолтын дэлхийн аваргад оролцох бодолтой байгаа.

 

-Энэ тэмцээн хэзээ болох билээ?

 

-Ирэх аравдугаар сарын 1-10-нд Берлинд болно.

 

-Мэдээж өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд олон тэмцээнд оролцож шагнал авч байсан. Одоо эргээд харахад сэтгэлд хамгийн тод үлдсэн тэмцээн шагнал гэвэл?

 

-Миний бодлоор анхны гэсэн бүхэн сэтгэлд тод үлддэг. Сэтгэлд хамгийн тод үлдсэн гэвэл шатрын оргил цол мастерын болзол биелүүлсэн үеийг хэлнэ.

 

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)