Египетэд сонгуулийн товыг зарлалаа

Египетэд парламентын сонгуулийг энэ намар зохион байгуулахаар болсныг тус улсын эрх баригчид мэдэгджээ. Сонгуулийн эхний шатны санал хураалт аравдугаар сарын 18-19-нд, хоёр дахь шатных нь22-23-нд болох аж. Харин гадаадад оршин сууж буй Египетийн иргэд аравдугаар сарын 17-18-нд саналаа өгөх боломжтой гэдгийг тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдээлсэн байна. Египетийн шүүх 2012 оны зургадугаар сард парламентын үндсэн танхимийг тарааснаас хойш тус улс хууль тогтоох байгууллагагүй оршиж буй юм. Парламентын сонгуулийг 2013 оны гуравдугаар сард явуулах ёстой байсан ч шүүхээс Сонгуулийн хууль Үндсэн хуультай нийцэхгүй байгаа тухай тогтоол гаргаснаар парламентын сонгуулийг хойшлуулсан байна. Удалгүй 2013 оны зургадугаар сард Зэвсэгт хүчний удирдагч Абдель Фаттах аль-Сисигийн заавраар Ерөнхийлөгч М.Мурсиг төрийн эрхээс зайлуулжээ. М.Мурсиг огцруулсны дараа цэргийнхэн тус улсад ардчилсан засаглалыг сэргээх төлөвлөгөө боловсруулснаа зарласан билээ. Мөн 2014 оны нэгдүгээр сард Египетийн шинэ Үндсэн хуулийг баталж, Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулсан аж. Парламентгүй нөхцөлд хууль тогтоох зарим эрх мэдлийг нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгч аль Сиси эдэлж буй юм. Египетийн парламентын төлөөлөгчдийн танхим нь568 суудалтай ба тэдгээрийн нэг хэсгийг нь квотын зарчмаар эмэгтэйчүүд, христийн шашинтнууд болон залууст хуваарилдаг. Мөн гишүүдийн нь таван хувийг Ерөнхийлөгч бие даан томилох эрхтэй аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)