Европын холбоо цагаачдыг хэрхэхээ мэдэхгүй болжээ

 Герман, Францын удирдагчид даваа гаригт тус холбооны гишүүн орнуудад хандан цагаачдын өмнө хариуцлага хүлээх үүрэгтэйг сануулжээ. Зөвхөн энэ он гарснаас хойш дайн дажин ноёрхсон Сири, Эритрей, Ирак, Афганистан зэрэг олон орноос гаралтай нийт 300 мянга гаруй цагаач Газрын дундад тэнгисийг гатлан Европт хөл тавьсан байна. Уг асуудлыг хэлэлцэхээр Европын холбооны удирдлага энэ сарын 14­ний өдөр шуурхай хуралдаан хийхээр болсон билээ. Ямар ч аргаар хамаагүй Европт хүрэхийг тэмүүлсэн цагаачдын нэг хэсэг нь тэнгисийн усанд хэдэн зуугаараа үйж амь насаа алддаг болоод удсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Будапештээс Вена хот хүрэх замд ачааны тэрэгний хөргөгчтэй битүү тэвшинд 71 цагаач нэг дор бүтэж, шарагдаж амь насаа алдсан тохиолдол европчуудыг цочролд оруулсан билээ. Энэ хэргийн дараа Германы канцлер А.Меркель “Европ тив бүхэлдээ энэ талаар ажиллаж, гишүүн орнууд нь орогнол хүссэн цагаачдын өмнө хүлээх хариуцлагаас үүрэлцэх ёстой” хэмээн мэдэгдсэн аж. Европ тивдээ амьдралын төвшин дээгүүр, цагаачдад таатай нөхцөл бүхий орнуудын нэг болох Герман улсад энэ онд 800 мянгаас нэг сая цагаач шинээр орогнол хүснэ хэмээн тооцоолжээ. “Бүх нийтийн иргэний эрх нь Европын түүх, өнөө үетэй салшгүй холбоотой ба Европын холбоог байгуулах үндсэн шалтгаануудын нэг байсан. Европ орнууд цагаачдаас нүүр буруулвал бүх нийтийн иргэний эрх хэмээх ойлголтоос хөндийрч, цаашид бидний хүсч буй Европ байхаа болино” хэмээн Германы канцлер мэдэгдсэн байна. Мөн Францын Ерөнхий сайд Мануэль Вальц тус улсын боомт хот Каласт цагаачдад зориулсан тусгай орогнох байр байгуулж, Ла­Маншийн хоолой доогуур Британи руу зорчдог унаанд нуугдахыг оролдож буй иргэдэд хатуу ширүүн байдал гаргахын оронд хүмүүнлэгээр хандах хэрэгтэйг өгүүлжээ. Цагаачдын асуудал Европын холбооны гишүүн хөрш зэргэлдээ орнуудын харилцаанд сэв суулгасан аж. Тухайлбал, Грек, Итали улсыг бусад нь цагаачдыг хойд зүгт явахад нь саад болохгүй байна хэмээн буруутгадаг. Мөн “Герман улс Сирийн иргэдэд орогнол хүсэх боломж олгосон нь Европт улам олон цагаач ирэхийг хөхиүлэн дэмжиж байна” гэж Унгарын эрх баригчид үздэг. Европын холбоонд одоо үйлчилж буй хууль журмын дагуу цагаач иргэд тус холбооны гишүүн орнуудаас хамгийн түрүүнд хөл тавьж, бүртгүүлсэн улсдаа үлдэж тэндээсээ орогнол хүсэх ёстой. Унгарт анх хөл тавьж бүртгүүлсэн хэрнээ Германд саатуулагдсан бол Унгар руу албадан гаргах журамтай. Гэтэл цагаачид хангамж, тэтгэмж бага олгодог төв болон өмнөд Европын орнуудад үлдэхийг хүсдэггүйгээс анх бүртгүүлсэн хуудсаа хөсөр хаяж хойд зүгт аяллаа үргэлжлүүлдэг. Энэ байдалтай тэмцэхийн тулд Унгар улс Сербитэй залгаа хилийнхээ дагуу олон эгнээ хурц иртэй өргөст торон хаалт, торон хашаа барьж хилийн хяналтаа чангатгасан ч энэ нь үр дүн багатай буй юм. Энэ он гарснаас хойш Унгарт нийт 160 мянган цагаач иргэнийг саатуулсан аж. Энэхүү нөхцөл байдлын улмаас улс орнууд Европын холбооны нутаг дэвсгэрт чөлөөтэй шилжин явах эрхийг хязгаарлахад хүрч болзошгүй болсон байна. Цагаачдыг хууль бусаар давуулдаг сүлжээнийхний буруугаар нэг дор 71 хүн амь насаа алдсаны дараа Австрийн эрх баригчид Унгартай залгаа хилээр нэвтэрч буй автомашинуудад хийдэг үзлэгээ чангатгаснаас автомашины урт цуваа үүсч, хөдөлгөөнд саад учруулч эхэлжээ. Мөн Европын бусад орон руу зорчих галт тэрэгний тасалбар авсан цагаачдыг явуулахгүй галт тэрэгнээс буулгаж эхэлсэн нь тэднийг хууль бус наймаачдын аманд багтаж, амь насаа эрсдэлд оруулах зам түлхэж буйг Олон улсын цагаачдын байгууллагын ерөнхий захирал өгүүлсэн байна. Тэрбээр “Унгарт хэрэглэсэн аргыг дагаж, авсан тасалбарыг нь хэрэгсэхгүй, унаанд нь суулгахгүй байвал тэднийг хууль бусаар хил давуулагсдын гарт шууд өгч буй юм” гэжээ. Харин Унгарын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч тус улс Европын холбооны гаднах хил хязгаарыг хамгаалах талаар хүлээсэн үүргээ гүйцэтгэж буйг онцолсон байна. Унгарын нийслэл Будапешт хотын Келети хотын галт тэрэгний буудлаас галт тэргэнд суусан цагаачдыг шилжин явах зөвшөөрөлгүй гэх шалтгаар өнгөрсөн хугацаанд ийн буулгаж байсан нь орогнол, хамгаалалт нэн шаардлагатай зүдэрсэн иргэдээр тохуурхсан үйлдэл гэдгийг олон хүн өгүүлжээ. Сирийн иргэний дайны хөлөөс дайжсан хэдэн сая хүн хөрш зэргэлдээ Турк, Ливан, Иордан улсад орогносон. Гэтэл нийт 28 орны 500 сая гаруй хүнийг нэгтгэсэн дэлхийд эдийн засгийн хувьд хамгийн хүчирхэг холбооны гишүүд дайны хөлөөс дайжсан Сири, Эритрейн 40 мянган иргэнийг хэрхэхээ мэдэхгүй арчаагүй байдалд ороод буйг Европын орнуудын хэвлэлүүдэд өгүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.38.138)

    2015-09-03

    Хүний гэр оронг дэлбэлээд байхаар тэд нар хаана очих вэ, мэдээж бөмбөгдсөн этгээдийнд үр хүүхдээ дагуулаад очино өөр арга байхгүй.

  • Зочин (43.242.243.136)

    2015-09-03

    ЕХ тарах ёстой. Тэгээд улс улс нь хилээ хууль журмын дагуу зохицуулах, харин Европ бүсдээ визгүй зорчдог болох зэргээр л цагаачдын асуудлаа зохицуулна даа хөө.