Гватемалын ерөнхийлөгчийн халдашгүй эрхийг түдгэлзүүлэв

 

Гватемалын парламентын гишүүд тус улсын Ерөнхийлөгч Отто Перез Молинагийн халдашгүй бүрэн эр-хийг цуцлах шийдвэр гаргажээ. Парламентын158 гишүүний132 нь саналаа өгч, уг шийдвэрийг батласнаар тус улсад дуулиан тариад буй гаалийн татвартай холбоотой авлигын хэргийн хүрээнд Ерөнхийлөгчийг байцааж эхлэх юм. Мөн түүнийг жирийн иргэдийн нэгэн адил эрүүгийн хэрэгт татаж, хорьж саатуулах боломжтой болно. “Гватемал улс хуулиас дээгүүр хүн байхгүй гэдгийг харуулж, одоогийн болон ирээдүйд төр засагт ажиллах түшмэдийг буруу үйлдлийнх нь төлөө Үндсэн хуулийн хүрээнд шүүж чадна гэдгийг харууллаа” хэмээн авлигын хэргийг мөрдөж буй прокурор Тельма Алдана хэвлэлийнхэнд өгүүлсэн байна. Парламентын шийдвэрийг хүлээж байсан200 гаруй хүн Конгрессын гадна тэврэлдэж, хашгиралдан, салют буудуулж баяраа тэмдэглэжээ. Мөн Конгрессын дэргэдэх замаар зорчих жолооч нар дуут дохиогоо ажиллуулан селфи зургаа авч баярт үйл явдлыг баримтжуулан авч байсан аж. Ерөнхийлөгчийн нэр холбогдсон “La Linea” (шугам) хэмээх бүлэглэлийг Гватемал дахь зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээг мөрдөж байсан прокурорууд болон НҮБ-ын комиссын гишүүд анх ил гаргажээ. Бизнесменүүд гаалийн татвараас зайлсхийхийн тулд энэ сүлжээний гишүүдэд хахууль өгч, төсөвт төлөх ёстой байсан олон сая ам.долларыг гувчуулсан гэж үздэг. Гватемалын дэд Ерөнхийлөгч Р.Балдеттийн туслах асан энэ хэрэгт холбогдсоноор тэрбээр өмнө нь ажлаа өгөхөд хүрсэн. Р.Балдетти өнгөрсөн тавдугаар сарын8-нд огцорч, хэдэн сая долларын хахууль авсан гэх хэргээр ял хүлээн хоригдож буй юм. Мөн Засгийн газрын хэд хэдэн сайд нь огцорсон аж. Ерөнхийлөгчийн халдашгүй эрхийг цуцлуулахын төлөө зүтгэж байсан сөрөг хүчний намаас сонгогдсон парламентын гишүүн өмнө нь амь насаа алдсаны дараа НҮБ-ын комиссын гишүүд хэргийг шалгаж эхэлсэн байна. Гудамжинд эсэргүүцлийн үйл ажилагаа явуулж иргэд Ерөнхийлөгч Отто Перезийг огцруулахаас гадна ирэх ням гаригт дараагийн Ерөнхийлөгчийг сонгохоор төлөвлөж буйг хойшлуулахыг шаарджээ. Харин Отто Перез сонгуулийн товыг өөрчлөх нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн тайлбарласан аж. Отто Перез энэ удаагийн сонгуульд оролцох эрхгүй боловч ирэх оны нэгдүгээр сард дараагийн Төрийн тэргүүнд эрх мэдлээ шилжүүлэх хүртлээ ажил үүргээ гүйцэтгэх ёстой. Гватемалын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн халдашгүй эрхийг цуцлахын тулд парламентын гишүүдийн гуравны хоёр хувийн санал хэрэгтэй. Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжигчид өнгөрсөн мягмар гаригт санал хураахын өмнө хууль тогтоогчдыг Отто Перезийг дэмжигчдээс хамгаалахын тулд Конг-рессийн байр хүртэлх зам дагуу эгнэн зогсч, амьд хашаа бий болгосноор тэднийг саадгүй орж, саналаа өгөх боломж бүрдүүлжээ. Мөн тус улсын Дотоод хэргийн дэд сайд цагдаагийн тусгай хэсгийнхний хамт тус талбайд хүрэлцэн ирж, эсэргүүцэгчид болон Конгрессын гишүүдийн аюулгүй байдлыг ханган ажилласнаа мэдэгдсэн аж. “Хүмүүс сайн дураараа ирж, амьд гинжин хаалт үүсгэн бидэнд орох боломж бүрдүүлж буйг хараад сэтгэл их хөдөлсөн” хэмээн сөрөг хүчний улстөрч энэ үйл явдлын тухай ярьсан байна. Энэ дуулиант хэрэг дөнгөж дэгдэж эхлэхэд Засгийн газрын нөлөө бүхий түшмэд, бизнесийн төлөөлөгчид болон тус улсын Хамба лам нарын зөвлөл хүртэл Ерөнхийлөгчийг огцрохыг санал болгож байхад Төрийн Тэргүүн түүнийг нь хүлээн авахгүй байжээ. “Ард иргэд, тэдний хамтын хүчин чармайлт үр дүнд хүрдгийг энэ шийдвэр харууллаа. Энэ бол ердөө эхлэл нь. Одоо бид түүнийг дэд Ерөнхийлөгчийнхөө хамт шүүхээс ял сонсч, Гватемал орноос хулгайлсан бүхнээ эргүүлж өгөхийг хүсч байна” хэмээн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагчдын нэг өгүүлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)