Төрөлтийн үеийн өвдөлт намдаалт

 

Ихэнх эмэгтэйчүүд төрөлтийн үеийн өвдөлтийг хэрхэн шийддэг вэ?
Дэлхийн олон улс орнуудад ихэнх эмэгтэйчүүд төрөлтийн үед өвдөлт намдаах аргуудаас сонгон хэрэглэдэг. Зарим эмэгтэйчүүд төрөлтийн урд өдрөөс өвдөлт намдаалт хийлгэхийг хүсдэг бол зарим нь төрөлийн үед өвдөлийг тэсвэрлэхэд хэцүү байгаатай холбоотой хийлгэдэг. Харин зарим тохиолдолд төрөлт хэт удаан үргэлжлэх болон төрөлтийн үеийн хүндрэлүүдтэй холбоотойгоор өвдөлт намдаалт хийх зайлшгүй шаардлага гарч ирдэг байна. Төрөлтийн үеийн өвдөлтийн хүч болон таагүй байдал үүсгэх байдал эмэгтэй болгонд өөр байхаас гадна төрөлт бүрд харилцан адилгүй байдаг.
Жирэмсэн эмэгтэй төрөлтийн үйл ажиллагаа хир зэрэг өвдөлттэй байхыг урьдчилан мэдэх боломжгүй юм. Зарим эмэгтэйчүүдэд төрөлтийн үед амьсгалын болон тайвшруулах техник үр дүн сайтай байдаг бол бусад хүмүүст энэ арга үр дүнгүй байдаг. Иймд өөртөө итгэлтэй байж төрөлтийн үеийн өвдөлт намдаах аргуудын талаар зохих ойлголттой болсноор өөрт тохирох аргыг сонгон хийлгэх боломжтой.

 

Өвдөлт намдаах ямар аргуудаас сонгож болох вэ?
Төрөлийн үеийн өвдөлт намдаах дараах аргуудаас та эмчтэйгээ ярилцаж сонгон хэрэглэж болно. үүнд:


• Эмийн бодисийг ууж болон тарьж хэрэглэх. Өвдөлт намдаах эмийн бодисуудыг ууж болон тарьж хэрэглэсэн үед өвдөлтийг багасгадаг боловч бүрэн намдаадаггүй. Танд тайвшруулах болон наркотик эмийн бодисуудыг хавруулан хэрэглэж магадгүй. Энэ үед айдас, дотор муухайрах шинж тэмдэгүүд багасаж амрах болно. Эмийн бодисыг судсаар болон булчинд тарьж хэрэглэсэн үед цусны урсгалд орж бүх биеэр тархан умай болон аарцаг орчмын өвдөлтийг намдаадаг. Гэвч энэ үед эмийн бодисын нөлөөгөөр нойр хүрэх бие суларч нозоорох зэрэг шинж тэмдэг үүсэхээс гадна цусны урсгалд байгаа эмийн бодис ихсээр дамжин урагт очиж таагүй нөлөө үзүүлэх сөрөг талтай байдгийг анхаарах хэрэгтэй.

• Эпидураль өвдөлт намдаалт (нугасны гадна зайн). Энэ хэлбэрийн өвдөлт намдаалтын үед таны ухаан санаанд өөрчлөлт үзүүлэхгүйгээр биеийн доод хэсгийн өвдөлт намддаг. Эпидураль өвдөлт намдаалтын зарчим нь нугасны хөндийн гадна зайд (эпидураль хөндийд) маш нарийн уян гуурс оруулж түүгээрээ хэсгийн мэдээгүйжүүлэгч болон наркотик хэлбэрийн эмийн бодис хийж өвдөлт намдаадаг. Хэсгийн мэдээгүйжүүлэгч бодисын үйлчлэлээр өвдөлт, темпратурын, хүрэлцэх болон хөдөлгөөний мэдрэхгүй блок болж мэдээгүй болдог бол наркотик бодисын нөлөөгөөр өвдөлт намдаах нөлөө илүү сайжирч таны хөл хөдөлгөөний мэдрэхгүйээ алдахгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Өвдөлтийг сайтар намдаахын зэрэгцээ хөлний хөдөлгөөнийг хэвийн байлгах тохиромжтой тунг тухайн үед эмч тохируулж өгөх болно.

• Спиналь өвдөлт намдаалт (нугасны хөндийн). Спиналь өвдөлт намдаалт нь эпидуралиас үндсэн хоёр ялгаатай талтай. Эмийн бодисыг шууд тархи нугасны шингэнд хийж өгдөг. Мөн эмийн бодисыг нэг удаа хийдэг болохоос гуурсаар удаан хийж өгдөггүй. Үүний улмаас өвдөлт намдаалт хурдан хугацаанд эхлэж хэдэн цаг л үргэлжилдэг. Энэ хэлбэрийн өвдөлт намдаалтыг эмч төрөлтийн идэвхтэй үед эсвэл төрөлтийн үйл ажиллагаа хурдан явагдаж байгаа бөгөөд эпидураль өвдөлт намдаалт хийхийг хүлээх боломжгүй байгаа нөхцөлд ихэвчлэн сонгож хэрэглэдэг.

• Спиналь эпидураль хавсарсан арга. Энэ хавсарсан өвдөлт намдаалтын арга нь өвдөлтийг хурдан хугацаанд намдааж удаан үргэлжилдэгээрээ давуу талтай байдаг. Спиналь хөндийд хийсан өвдөлт намдаах бодисын үйлчилгээ хоёр цаг орчим үргэлжилдэг бөгөөд үүнээс цааш эпидураль зайд тавьсан гуурсаараа эмийн бодисийг хийж өвдөлт намдаалтыг үргэлжлүүлдэг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)