Европын Аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ

Өчигдөр буюу Пүрэв гарагт Хорват улсын нийслэл Загреб хотноо 2015 оны сагсан бөмбөгийн Европын АШТ-ний нээлт болсон байна. Уг нээлтэнд Хорватын ерөнхийлөгч хатагтай Колинда Грабар-Китарович болон Европын сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Тургай Демирель нар оролцсон. Тэмцээн энэ сарын 5-30-ны хооронд явагдах бөгөөд энэ удаагийн тэмцээн анх удаагаа Герман, Франц, Хорват, Латви гэсэн 4 улсад зохиогдож байна.

 

52 улсыг эгнээндээ багтаасан Европын сагсан бөмбөгийн холбооны 24 баг 4 хэсэгт хуваагдан оржээ. Тэмцээн Берлин хотын Мерседес-Бенз Арена, Рига хотын Арена Рига, Загребын Арена Загреб, Монпелльер хотын Парк Суйт Арена болон Лилль хотын Стаде Пьерре-Мауроу хэмээн задгай талбайд явагдана.

 

А хэсэгт өмнөх Европын аварга Францын шигшээ болон ФИБА-н 6-д эрэмбэтэй Оросын шигшээ багуудтай хамт Босни, Финланд, Польш, Израиль, Б хэсэгт 2 удаагийн Европын аварга, ФИБА-н чансааны 2-т эрэмбэтэй Испани, мөн Турк, Герман, Итали, Исланд, Серби улсууд, С хэсэгт зохион байгуулагч орны нэг Хорват болон Европын хошой аварга Грек мөн Гүрж, Македон, Словени, Нидерланд улсууд багтсан бол D хэсэгт ФИБА-н чансааны 4-д эрэмбэтэй Литва, зохион байгуулагч орны нэг Латви, мөн Эстони, Украйн, Бельги, Чех улсууд багтсан байна.

 

Хэсгийн тоглолтууд 5-10-ны өдрүүдэд явагдаж, хасагдах шатанд нэг хэсгээс эхний 4 баг шалгарч, 12-ны өдрөөс шөвгийн 16-н тоглолт явагдана.

 

 

Б.Бямбабаяр

Эх сурвалж: Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)