Шенгений бүсийн орнууд хилийн хяналтаа сэргээлээ

 

Герман, Австри, Чехийн эрх баригчид цагаачдын урсгалыг хязгаарлахын тулд хилийн хяналт шалгалтыг сэргээснээ мэдэгджээ. Өмнө нь Германы Дотоод хэргийн яамнаас уг мэдээллийг баталсны дараа Чехийн Дотоод хэргийн сайд Австрийн хил дээр хилийн хяналтаа сэргээснээ мэдэгдсэн байна. Мөн Австри, Германы хооронд төмөр замын харилцааг түр зогсоосноос цагаачид Германд очихын тулд Чехээр дамжина хэмээн сэргийлж тус улсын эрх баригчид ийм арга хэмжээ авахад хүрсэн аж. Чехийн сайд цагаачидтай холбоотой хямралыг шийдвэрлэхийн тулд нэмж арга хэмжээ авах шаардлага тулгарч болзошгүйг өгүүлжээ. Эдгээр арга хэмжээ нь Шенгений гэрээний үзэл баримтлалд харшилж буй боловч гишүүн орнууд дотоод хил хязгаартаа түр хугацаагаар хяналт тавих эрхтэй. Австрийн нутгаар дамжин Германд ирж буй цагаачдын дийлэнх хэсгийг хүлээн авч буй Мюнхений эрх баригчид хотын албад боломжоо шавхан ажиллаж буй ч цагаачдыг байршуулах орон байр хангалтгүй байгааг өгүүлсэн байна. Германы цагдаагийн байгууллагын мэдээллээс үзэхэд зөвхөн өнгөрсөн бямба гаригт Мюнхенд 13 мянган цагаач хүрэлцэн ирсэн бол өнгөрсөн сарын эцсээс хойш тус хотын төмөр замын буудалд нийт 60 мянган цагаач буужээ. Ийн Герман, Австрийн хилээр нэвтэрч буй иргэдийн биеийн байцаалтыг шалгаж эхэлсэн байна. Шенгений бүс доторх улс хоорондын хил нэвтрэхэд хяналт тавихаа больсон нь цагтаа томоохон дэвшил болсон билээ. Мөн Унгарын эрх баригчид цагаачдын урсгалыг хязгаарлахын тулд Сербитэй залгаа хилээ бүрэн хааж, цэргийн анги нэгтгэлүүдээ хилийн бүсэд татсанаас гадна тус улсад энэ сарын 15-наас эхлэн хил хууль бусаар нэвтрэх тухай хууль үйлчилж эхэлсэн байна. Хууль үйлчилж эхэлснээр зөрчигсдийг шоронд хорих юмуу нутгаасаа хөөн гаргах шийтгэлтэй аж. Гэвч Грек, Македони, Сербийн эрх баригчид цагаачдын нутгаараа чөлөөтэй нэвтрүүлж буй тул тэдний нэг хэсэг нь Унгарт шинэ хууль үйлчилж эхлэхээс өмнө тус улсын хилээр нэвтэрч амжихгүй. Энэ оны эхнээс хойш Европын холбооны нутагт 500 мянган цагаач хүрэлцэн ирж, өдөр ирэх тутам тэдний урсгал нэмэгдэж буй юм. Саяхан Европын холбооны цахим эдийн засаг болон нийгмийн асуудал эрхэлсэн дэд комиссар Гюнтер Эттингер Германд дүрвэгсдэд олгодог тэтгэмжийн хэмжээг бууруулахыг уриалсан байна. Тэрбээр тэтгэмжийн хэмжээ бусад оронд олгодогтой ойролцоо хэмжээнд байх ёстой гэж үзжээ. Мөн Германы Үндсэн хуулийг өөрчилж, тэдэнд дүрвэгчийн статус юмуу улс төрийн орогнол олгох шийдвэрийг шуурхай гаргах ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн аж. Харин Германы дэд канцлер эдийн засгийн сайд Зигмар Габриэль тус улс шинээр цагаач хүлээн авах боломжоо бүрэн шавхсаныг өгүүлсэн байна. “Европ цагаачидтай холбоотой хямралыг шийдвэрлэх чадваргүйгээс Герман улс боломжоо бүрэн шавхахад хүрлээ. Цагаачдын тоо гэхээсээ илүү тэд богино хугацаанд олноороо ирж буй нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна” хэмээн тэрбээр учирлажээ. 

 

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)