А.Меркель цагаачдын асуудлыг хамтдаа шийдвэрлэхийг уриалав

Германы канцлер А.Меркель Страссбург хотноо Европын парламентын гишүүдийн өмнө үг хэлэхдээ тус тивийн орнуудыг нэгдэж, цагаачдын хямралыг хамтдаа шийдвэрлэхийг уриалжээ. Тэрбээр Европт маш олон тооны цагаач ирснээр тус тивийн хувьд анхаарах гол асуудлуудыг өөрчилснөөс гадна дэлхийн хэмжээнд гарч буй хямрал, зөрчилдөөн хүссэн ч, хүсээгүй ч Европт нөлөөлнө гэдгийг хэлсэн байна. А.Меркель цагаачдын талаар төлөвлөгөө боловсруулсан ч тэдний тоо хэр олон байхыг урьдчилан таамаглах аргагүй гэдгийг энэ үеэр өгүүлжээ. Мөн зарим нэгнийх нь зөвлөсний дагуу хилээ хаахгүй гэдгээ мэдэгджээ. Германы канцлер цагаачдын урсгалыг хязгаарлахын оронд тэдэнд дэмжлэг үзүүлж буйг германчуудаас нь гадна цагаачдын дайран өнгөрч буй улс орнуудад шүүмжилж буй юм. Түүний бодлогыг шүүмжлэгчид энэ хэвээрээ байвал цагаачдыг хүлээн авах боломжгүй болно гэдгийг хэлдэг. Харин А.Меркель дүрвэгсдийг хүлээж авах нь Германы үүрэг гэдгийг хэлдэг. Германы Дотоод хэргийн яамны мэдээллээс үзэхэд тус улсад есдүгээр сард 164 мянга, харин энэ оны эхний найман сарын хугацаанд нийт 557 мянган цагаач хүрэлцэн ирсэн байна. Мөн Германтай хамтарч цагаачдыг хүлээн авах талаар зохих хувь нэмрээ оруулж буй Австрийн эрх баригчид тус улс жилдээ 30 мянган цагаач хүлээн авах боломжтой ч энэ онд 60 мянгыг хүлээн аваад буйг мэдэгджээ. Гэтэл өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд цагаачдыг байршуулах газруудад эмх замбараагүй байдал удаа дараа гарч, тэдгээр газрыг галдан шатаах оролдлого нэмэгдсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)