БНХАУ-ын хүн ам зүйн бодлого алдагдахад хүрчээ

Манай урд хөрш өдгөө 1.404.291.441 хүн амтай байна. БНХАУ одоогоос 35 жилийн өмнө хүн амын хэт өсөлтийг багасгах зорилгоор “нэг хүүхдийн бодлого” баримталсан. Үүний улмаас олон сая хууль бус үр хөндөлт явагдаж, хүн ам зүйн бодлого нь алдагджээ.

 

Гэхдээ тус улсын Засгийн газар олон жил үйлчилсэн хуулиасаа тийм ч амархан татгалзах бодолгүй байна. Хэрвээ нийгэм эдийн засгийн хөгжил болон тогтвортой байдал нь “цаашид сайн сайхнаараа үргэлжилбэл” 2016 оноос “нэг айлд нэг  хүүхэд”  хуулиа цуцлаж болохыг төрийн эх сурвалж ам алдаж.

 

Харин Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн асуудал хариуцсан үндэсний хороо нь хоёр дахь хүүхдийн тухай ямар нэгэн өөрчлөлт оруулахаар төлөвлөөгүй гэдгийг мэдэгджээ. Мөн шинжээчид ирэх онд засаг захиргаа нь олон нийтийн шахалтаар нэг хүүхдийн бодлогоо эргэн харахад хүрнэ хэмээн таамаглаж байна.

 

Судалгааны байгууллагын таамаглалаар БНХАУ 2050 гэхэд тэтгэвэрийн буюу 60 дээш настай иргэдийн тоо 450 саяд хүрэх бөгөөд энэ нь улс орны санхүүг маш хүнд байдалд оруулах аюул дагуулах аж. Үүнээс гадна төрөлтийг хязгаарласнаас болж ажиллах хүчний нөөц тогтмол буурч иржээ. 2014 оны хувьд хөдөлмөрийн чадвартай иргэд өмнөх жилээс 3.7 саяар цөөрсөн.

 

Үнэн хэрэгтээ нэг хүүхдийн бодлогыг цуцалсан ч БНХАУ-д төрөлт хүсээд байгаа шиг нэмэгдэхгүй. Учир нь дундаж давхаргын эзлэх жин багасаж, иргэдийн орлого буурч байгаа үед хоёр дахь хүүхдээ гаргахыг зөвшөөрсөн ч нэгээс илүү хүүхэд тэжээж, өсгөх чадвар жирийн иргэдэд байхгүй болсон. Одоогийн дундаж гэр бүлийн орлого нь нэг хүүхдийг өсгөөд сургалт эрүүл мэндийн зардлыг нь төлж  чадах хэмжээнд байгааг судалгаа харуулжээ.

 

Өдгөө дэлхий дээр 100-гаас дээш сая хүн амтай 12 улс байна. Тэдгээр нь 1.404.291.534 хүн амтай БНХАУ, 1.287.056.108 хүн амтай Энэтхэг, 325.828.368 хүн амтай АНУ, 256.605.119 хүн амтай Индонези, 204.177.209 хүн амтай Бразил, 189.942.777 хүн амтай Нигери, 160.982.168 хүн амтай Бангладеш, 142.004.070 хүн амтай ОХУ, 126.817.430 хүн амтай Япон, 125.687.721 хүн амтай Мексик, 102.302.073 хүн амтай Филиппин улс юм.

 

Үүнээс харахад 100-гаас дээш хүн амтай 12 улсаас 7 нь Ази тивд оршиж байна. Цаашдаа манай тивийн хүн ам зүйн бодлогод ч асуудал үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй байгаа юм.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)