А.Энхтуул хүрэл медаль хүртлээ

Бразилийн Калдас-Новас хотноо болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын шатарчин А.Энхтуул хүрэл медаль хүртлээ.
Бразилийн Калдас-Новас хотноо болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын шатарчин А.Энхтуул хүрэл медаль хүртлээ.  Дэлхийн 80 гаруй тамирчин өрсөлдсөн уг тэмцээн энэ сарын 17-нд эхэлсэн юм.

 Энэ тэмцээнд дэлхийн 80 орны өсвөрийн шатарчид эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан насны ангилалд өрсөлдөж, аваргуудаа тодруулсан байна. Манай улсаас өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ, сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул, сонирхогчдын шатрын дэлхийн аварга Б.Ану, С.Билгүүн нарын 18 шатарчин оюун ухаанаа сорьсон юм. 

Охидын 18 насны ангилалд өрсөлдсөн А.Энхтуул нийт есөн өргийн тоглолтоос тав хожиж, гурав тэнцэн, нэг хожигдож нийлбэр дүнгээр 6,5 оноогоор хүрэл медальд хүрчээ. Сурагчдын багийн болон хувийн дэлхийн аварга А.Энхтуул ийнхүү шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрөв дэх медалиа хүртэж байгаа нь энэ ажээ.
Түүний тоглосон ангилалд нийт 70 шатарчин өрсөлдсөнөөс Гүржийн шатарчин Мэри Арабизе 8,0 оноогоор тэргүүлж, ОХУ-ын Алина Кашлинскаяа 7,5 оноогоор мөнгөн медаль хүртсэн аж.

А.Энхтуулын хамт өрсөлдсөн ФИДЕ Мастер Б.Ану 4,5 оноогоор 34 дүгээр байрт шалгарчээ. Монголын бусад шатарчдын тухайд өнгөрсөн жилийн өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ энэ жил охидын 12 насны ангилалд оюун ухаанаа сорьж, 5,0 оноотой 26 дугаар байрт, сонирхогчдын дэлхийн аварга С.Билгүүн хөвгүүдийн 14 насны ангилалд 5,5 оноогоор 34 дүгээр байрт тус бүр шалгарчээ.                                    

М.Өнөрөө


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)