Аргентинд Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний төлөөлөгч яллаа

 

        Аргентинд ням гаригт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний төлөөлөгч Маурисио Макри ялжээ. Урьдчилсан дүнгээс үзэхэд Маурисио Макри 51.5, эрх баригч намын нэр дэвшигч Сциоли48.5 хувийн санал авсан байна. Сонгуулийн дүн тодорхой болсны дараа Маурисио Макри дэмжигчдийнхээ өмнө тайзан дээр гарч, бүжиглээд талархлаа илэрхийлсэн аж. “Энэ бол түүхэн өдөр. Энэ бол эрин солигдох мөч” хэмээн тэрбээр өөрийнхөө ялалтыг тайлбарласан аж. Сонгуулийн дүнгээр өнгөрсөн 12 жилийн турш тус улсад эрх барьсан зүүн төвийн “Ялалтын төлөө” намын засаглалын түүх дуусгавар болсон байна. Маурисио Макри нь1990-ээд оноос хойш Аргентинд төр, засгийн эрх барьсан хүмүүстэй харьцуулахад эдийн засгийн талаар хамгийн либерал байр суурь баримталдаг нэгэн аж. Сонгуулийн эхний шатны санал хураалтад өрсөлдөгчдөө ялагдсан тул олон хүний хувьд түүний ялалт санаандгүй хэрэг болжээ. Одоо Төрийн тэргүүний алба хашиж буй Кристина Фернандес де Киршнер хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул дахин нэрээ дэвшүүлэх боломжгүй. Аргентины эдийн засаг нь хэмжээгээрээ Өмнөд Америкт гуравдугаарт ордог. Эдийн засаг нь зогсонги байдалд орж, инфляци 30 хувь хүрээд буй тус улсад авлига газар авсан гэж үздэг. Мөн тус улс 2001 онд төлбөрийн чадваргүй гэдгээ зарласнаас хойш АНУ-ын хувийн хөрөнгө оруулагчидтай төлбөрийнхөө нөхцөлийн талаар тохиролцож чадаагүй аж. Маурисио Макри нь Аргентины нэлээд чинээлэг хүний хүүхэд ба улс төрд орж ирэхээсээ өмнө бизнес эрхэлж байжээ. Гэмт этгээдүүд түүнийг 1991 онд барьцаалж, авлигад автсан цагдаа нар 12 хоногийн турш хорьж, нөхөн төлбөр шаардаж байсан юм. Тэрбээр дөрвөн жилийн дараа “Бока Хуниорс” хөлбөмбөгийн багийн ерөнхийлөгч болж амжилттай ажиллаж байгаад улс төрийн салбарт хөл тавьсан байна.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)