Г.Болдбаатар шигшээд үлдэж, медаль хүртэх нь тодорхой боллоо

 

Ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн их наадам болно. Тус наадмын жүдо бөхийн тэмцээнд оролцох тамирчдын эрхийн оноо олгох цуврал тэмцээн үргэлжилж байна. Энэ сарын 26-наас 28-ны өдрүүдэд БНСУ-ын Чежү хотод Олимпийн эрхийн оноо олгох Гранпри тэмцээн болж байгаа аж. Уг тэмцээнд 70 орны эрэгтэй, эмэгтэй 421 жүдоч өрсөлдөх юм.

 

Өнөөдөр эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д 2014 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, ОУХМ Г.Хэрлэн, 66 кг-д ОУХМ Д.Алтансүх, 73 кг-д ОУХМ Б.Пүрэвдаваа, эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин М.Бумдмаа, 57 кг-д ОУХМ Л.Энхрийлэн нар барилдаж байна.

 

Дэлхийн аварга Г.Болдбаатар хагас шигшээд Азербайжаны О.Сафаровыг ялж, шигшээд үлдлээ. Алтан медалийн төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч, энэ оны дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын Ким Вон Жинтэй барилдана. Харин ОУХМ Г.Хэрлэн эхний өрсөлдөгч Австрийн Л.Пайшерыг ялсан ч дараагийн тойрогт Францын В.Лимаред цэвэр ялагдлаа.

 

Зүүн Азид болдог цуврал тэмцээн өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Энэ сарын 20-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндаогийн олимпийн эрхийн оноо олгох гранпри тэмцээнд манай жүдочид амжилттай оролцож, 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, шагналт VII байрт 2 жүдоч орсноор багийн дүнгээр Японы дараа хоёрдугаар байрт жагссан билээ. Жүдочдын оролцох энэ оны сүүлчийн тэмцээн ирэх сарын 2-нд болох Токиогийн “Их дуулга” юм.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)