Ч.Санжаадамба улс тунхагласны барилдаанд гурав дахиа түрүүллээ

 

        Улс тунхагласны ойн барилдаанд заан Ч.Санжаадамба гурав дахь удаагаа түрүүллээ. Ойр мөд барилдаагүй зааныгаа ирж барилдсанд, тэр тусмаа түрүүлсэнд олон олон дэмжигчид нь их л баяртай байв. Түрүү булаалдах барилдаанд арслан П.Бүрэнтөгс заан Ч.Санжаадамба нар ёстой л хүчээ шавхан, хөлсөө урсган барилдаж, хоёр хоёр удаа барьц сонгон алдсаны дараа П.Бүрэнтөгс барьц сонгон шахаж татаад хойш гишгэдэл алдах хоромд Ч.Санжаадамба түрж хөөн давсан юм. П.Бүрэнтөгс арслан ийнхүү энэ намар, өвлийн барилдаануудаас дөрөв дэх үзүүрээ авлаа. Үүнээс гадна гурав түрүүлснийг бүгд санаж буй биз ээ.

 

        Харин их шөвөгт арслан Н.Батсуурь, гарьд Б.Гончигдамба нар шалгарав. Гончигдамба гарьд Бүрэнтөгсд амлуулан барилдсан агаад тогтуухан барилдаж байгаад гэнэт арсланг тэнцвэр алдуулж улмаар өөрөө барьцанд шунаж яваад арсланг ардаа алдан уначихав. Харин Батсуурь арслан Санжаадамбад барьц сонгуулан өвдөг шороодсон юм.

 

        Барилдааныг зохион байгуулагч МАХН-аас “Улсын цолд ойрхон залуу бөх” хэмээх шагналыг Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн арслан Хүрэл-Очирын Гантулгад гардуулав.

 

        Дунд шөвөгт улсын харцага А.Цацабшир, улсын начин Л.Цэрэнтогтох, Б.Сугаржаргал, Э.Даш  нар үлдсэн юм. Зургаагийн даваанд Бүрэнтөгс арслан начин Сугаржаргалыг амлан авч нэлээд удаан хүч үзсэний эцэст барьц сонгон давсан бол арслан Батсуурь харцага Цацабширийг давхар шуудагнаас шахаж татан түрж, гарьд Гончигдамба Цэрэнтогтох начинг хавираад, заан Санжаадамба начин Дашийг шуудагнаас түрж хөөн тус тус давсан билээ.

 

        Даш начин өмнөх даваанд харцага Бат-Оршихыг тун даацтай хавирч өвдөглүүлсэн бол начин Ч.Баянмөнх гар ачих гэхэд Санжаадамба тун сайн мэдэрч тэрүүхэнд нь зайлж даран давах нь бас л “ганган” барилдаануудын нэг байв. Содномдорж харцага Сугаржаргалаас барьц сонгоод шахаж татах өргөх гээд өөрөө гишгэдэл алдан арагш даруулан уначихаад босч ирээд толгой сэгсрэн инээсээр тахимаа өгнө лээ. Харцага Өсөх-Ирээдүй энэ даваанд харцага Цацабширийг амалсан агаад барилдаан мөн л удааширч зүүн, баруун давхар золгоод давхар золгох хоромд Цацабшир мордож давлаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (27.123.214.85)

    2015-11-27

    Энхбаяр дарга дорлигжав нямдорж 2-ыг цувуулж хаяан түрүүллээ улсын баяраар болохоор 2-уулаа л өргөөд шидээд байсан сая 2-уулаа ээлжилж нухаад ч барсангүй нэг л шидэт ус улсын баяраар үйлчилдэг юм биш үү