“Фукушима-1” станцын хамгаалалтын хана цуурчээ

 

        Японы “Фукушима-1” цөмийн цахилгаан станцад байгуулсан хамгаалалтын хана 20 см-аар хазайж цуурчээ. TEPCO компанийн ажилтнууд саяхан хананд үзлэг хийх үеэр уг байгууламж хөрсний усны даралтын нөлөөгөөр налж, нэг см өргөн 500 м урт цууралт үүссэнийг илрүүлсэн байна. Станцад 2011 онд болсон ослын дараа цацраг идэвхтэй бодисоор бохирдсон ус далайд цутгахаас сэргийлэх зорилгоор хана босгож эхэлсэн билээ. Нийт 780 м урт, газрын гүнд 30 м орсон уг ханыг 2015 онд барьж дуусгажээ. Мэргэжилтнүүд ханын бэхэлгээг сайжруулж, цуурсан хэсгийг бөглөж эхэлсэн аж. “Фукушима-1” станцын төлөөлөгчид энэхүү гэмтэл нь уг ханын хамгаалах боломжид нөлөөлөөгүй гэдгийг мэдэгдсэн байна. Японд 2011 оны гуравдугаар сард 9.1 баллын хүчтэй газар хөдлөлт болж, дараа нь цунами үүссэнээс “Фукушима-1” цөмийн цахилгаан станцад осол гарсан. Станц дээр цахилгаан хангамж, хөргөлтийн систем ажиллагаагүй болсноос цөмийн реакторын тогоо хайлж, устөрөгч дэлбэрснээс агаар мандалд их хэмжээний цацраг идэвхт бодис алдагдсан юм. Ослын дараа станцын эргэн тойрон дахь 30 км-ийн радиусаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн ч удалгүй заримыг нь буцаж ирэхийг зөвшөөрсөн байна. Ослын үр дагаврыг арилгах, реакторуудыг буулгах ажил 40 жил үргэлжлэх аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)