К.Брайант: Баяртай гэж хэлэх болсонд уучлаарай

 

NBA-ийн 70 орчим жилийн түүхэнд нэг багтаа 20 улирал тоглосон ганцхан сагсан бөмбөгч байдаг. Тэр нь ирээдүйн алдрын танхимын гишүүн, бүх цаг үеийн шилдэг тоглогч К.Брайант юм. Алдарт “Лос Анжелес Лэйкерс” багт 1996 онд элсэж байсан Кобе энэ улирлыг дуусгаад зодог тайлж магадгүй гэдгээ хэллээ. Гэхдээ түүнийг дахин нэг улирал тоглож, сагсан бөмбөг сонирхогчдыг баярлуулна гэдэг олон сая хөгжөөн дэмжигчид нь хүлээж сууна.

 

Тэрээр 1978 оны наймдугаар сарын 23-нд Нэгдсэн улсын Пенсильвани мужийн Филадельфи хотод төрсөн. 1996 оны драфтын эхний бүсийн 13 дахь сонголтоор “Шарлотте Хорнетс” багт хуваарьлагдсан ч “Лос Анжелес Лэйкерс”-т солилцоо наймаагаар ирсэн аж.

 

Энэ үеэс хойш сагсан бөмбөгийн “од” тамирчин болох замналаа эхэлж, 2000, 2001, 2002, 2009, 2010 оны улирлын аварга, 2009, 2010 оны улирлын финалын үнэ цэнэтэй тоглогч, 2008 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, 17 удаагийн бүх оддын тоглолтын гишүүн, 2002, 2007, 2009, 2011 оны бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, 11 удаа бүх NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгдэж, 2006, 2007 онд хоёр удаа улирлын онооны лидер тоглогч болж байлаа.

 

Мөн 1292 тоглолт хийхдээ 32.670 оноо авч бүх цаг үеийн түүхийн гуравт бичигддэг. Түүний өмнө байдаг хоёрхон сагсан бөмбөгч нь 38.387 оноотой домогт Карим Абдул Жаббар, 36.928 оноотой К.Мэлоун нар юм. Үүний зэрэгцээ Бүх оддын тоглолтонд 17 удаа сонгогдсон нь түүхэнд хоёрт бичигддэг. К.Брайантын өмнө Карим Абдул Жаббар 19 удаа шилдгүүдийн тулаанд тоглож байв.

 

 

К.Брайант өчигдөр сэтгүүлч нартай уулзахдаа “Энэ улирал бол миний өөрт үлдсэн бүхнээ өгөх улирал. Миний зүрх сэтгэл, оюун бодол залуу нас шиг минь тоглож чадна гэдэгт итгэж байгаа ч бие минь баяртай гэж хэлэх цаг ирсэн гэдэг нь надад мэдрэгдэж байна. Миний юу хэлэх гээд байгааг та бүхэн гадарлаж байгаа байх. Бие минь амрах цаг болжээ” гэж хэлсэн нь ирэх хавар пүүзээ хананд өлгөж, тайван амьдрахаар шийдсэн гэдгийг илтгэж байна.

 

Зөвхөн Кобе л орчин үеийн өндөр хөгжсөн сагсан бөмбөгийн түүхэнд нэг тоглолтонд 81 оноо авсан. 2006 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийг бид хэзээ ч мартахгүй. Лос Анжелес хотын “Стаплес” спортын ордонд “Торонто Рэпторс”-ийн эсрэг Кобе 81 оноо ганцаараа авчээ. Түүнээс өмнө У.Чемберлен 100 авсан гэдэг ч тэр нь одоогоос 40 гаруй жилийн өмнө, тамирчдын ур чадвар, сагсан бөмбөгийн хөгжил одоогийх шиг өндөр түвшинд гарч ирээгүй байлаа.

 

 

Кобе өөрөө тоглохыг хүссэн ч гаднаас ирэх дарамтыг тэр одоо дийлэхгүй болжээ. Олимпийн наадамд явах, аваргын төлөө тоглох болгондоо шүүмжлэлийн бай болж байсан түүнийг өнөөдөр бүгд хүлээн зөвшөөрсөн. Кобе Нэгдсэн улсын шигшээ “Мөрөөдлийн баг”-ийн хамтаар “Бээжин 2008”, “Лондон 2012” зуны Олимпийн их наадмын хошой алтан медалийг энгэртээ зүүсэн. “Эрийг нас, уулыг цас” дардаг гэдэг шиг, бид Кобе Брайантад баяртай гэж хэлэх цаг ирсэн бололтой.

 

 

 

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)