“Арсенал” Грекийн багийн талбайд гурван гоол оруулах даалгавартай

 

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн энэ улирлын хэсгийн тоглолтууд өндөрлөх дөхөж байна. Эхний таван тойргийн дараах байдлаар Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, “Атлетико Мадрид”, Францын “ПСЖ”, Португалын “Бенфика”, Италийн “Ювентус”, Английн “Манчестер Сити”, Германы “Бавари Мюнхен”, ОХУ-ын “Зенит Санктпетрбург” багууд шөвгийн 16-д тоглох эрхээ авсан.

 

Харин Италийн алдарт “Рома”, Английн “Арсенал” зэрэг шилдгүүдийн хувьд байдал хүндхэн болов. “Их буучид” эхний хоёр тоглолт дараалан хожигдож, өөрсдийн боломжийг үгүй хийсэн. Гэхдээ сүүлийн учраа “Олимпикос”-ийг талбай дээр нь гурван гоол оруулж байж хожвол боломж байгаа. Тэд гэртээ 3:2-оор хожигдсон учир Грекийн талбайд гурван гоол оруулж байж хоорондын тоглолтын харьцаа давамгайлна.

 

Франц мэргэжилтэн А.Венгерын шавь нар “Аваргуудын лиг”-ийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг. Тэд 2005-2006 оны улирлын шигшээд тоглосноос гадна 1998-1999 оны улирлаас хойш хэсгийн шатнаас хасагдаж үзээгүй юм. Харин энэ улиралд багийн шилжитлийн үе нь таарч таван тоглолт хийхдээ Хорватын “Динамо Загреб”-т 2:1, Грекийн “Олимпикос”-т 3:2, Германы “Бавари Мюнхен”-д 5:1-ээр хожигдож, “Динамо Загреб”-ыг 3:0, “Бавари Мюнхен”-г 2:0-ээр хожиж, 6 оноотой хэсэгтээ гуравдугаар байр эзэлж байна.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)