ОУВС юанийг нөөцийн валютад нэмж орууллаа

 

        Олон улсын валютын сан(ОУВС) Хятадын юанийг Зээлжих тусгай эрхийн валютын сагсанд нэмж оруулснаа зарлажээ. Ийн ОУВС-гаас гаргадаг төлбөрийн тусгай хэрэгсэл болох Зээлжих тусгай эрхийн(ЗТЭ) тооцоонд ам.доллар, евро, фунт стерлинг, японы иенээс гадна Хятадын юань орохоор болсон байна. “Гүйцэтгэх хорооноос юанийг ЗТЭ-ийн сагсанд оруулахаар шийдвэрлэсэн нь Хятадын эдийн засгийг дэлхийн санхүүгийн системд интеграцчилахад том алхам боллоо. Энэ нь Хятадын эрх баригчдаас өнгөрсөн хугацаанд мөнгө, санхүүгийн системээ шинэчлэхэд гаргасан амжилтыг хүлээн зөвшөөрсөн үйл явдал юм. Энэ ажлыг үргэлжлүүлж, гүнзгийрүүлснээр олон улсын валют, санхүүгийн системийг илүү тогтвортой болгож, Хятадын өсөлт, тогтвортой байдлыг дэмжсэнээр дэлхийн эдийн засгийг дэмжинэ” хэмээн сангийн тэргүүн Кристин Лагард мэдэгджээ. Британийн “Standard Chartered Plc” банкны мэргэжилтнүүдийн тооцоолсноор юань ОУВС-ийн нөөц валютын нэг болсноор ойрын таван жилд тус улсад гаднаас дөрвөн их наяд юань буюу628 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ирэх боломжтой аж. “Алт валютын нөөцийн нэг хэсгийг юаньд шилжүүлж, тус мөнгөн тэмдэгтийг ЗТЭ-ийн сагсанд оруулах нь дэлхийн эдийн засагт томоохон үйл явдал болно” хэмээн банкны мэргэжилтэн тайлбарлажээ. Мөн энэ үйл явдал өнгөрсөн зун Хятадын биржийн үзүүлэлт буурснаас бий болсон хохирлыг нөхнө гэдгийг өгүүлсэн аж. ЗТЭ-ийн сагсанд ам.доллар, евро, фунт стерлинг, иен зонхилох байр эзэлж байсан нь сангаас тусламж хүссэн орнуудад олгох зээлийн бүтцийг тодорхойлдог байв. Юань тус сагсанд 14-16 хувийг эзлэх боломжтой.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)