Монголчууд бид их хувьтай, азтай, гэрэлт ирээдүйтэй гэгээлэг ард түмэн. Бидэнд энэ сайхан ирээдүй, энэ сайхан боломжийг, энэ уудам нутгийг өвлүүлэн үлдээсэн өвөг дээдэстээ баярлаад ч дуусашгүй. Энэ их боломж бидэнд маш их төлөөсөөр олдсон. Хэдэн мянган, хэдэн зуунаар тэмцэж олон хүний халуун амь, бүлээн цусаар олдсон. Одоо Монголчууд сайхан амьдрах, улсаа хөгжүүлэхийн тулд дор бүрнээ зүтгэх хэрэгтэй байна. 2012 оны хувьд Монгол Хүн бүрийн амьдрал дэвшин дээшилсэн, улс орны хөгжил урагшилсан сайхан жил болох болтугай.
1.Зорилго тэмүүлэлтэй байяМонгол хүн бүр Зорилго тэмүүлэлтэй түүнийхээ төлөө тэмцэгч, хэрэгжүүлэгч байя. Иргэн баян бол Улс баян гэдэг. Гарын үзүүр доорхи зүйлсээ ч хийж чадахаа больсон Монголчууд бүх зүйлийг бэлэнчлэх гэдэг болж. Иргэн бүр агуу зорилготой түүнийхээ төлөө хөдөлмөрлөж байж баялагийг бүтээнэ. Нэг Монгол иргэний зорилго нийт Монголчуудын зорилгыг бүтэн болгоно. Зорилго харагдаж байхад хүрэх зам тодорхой хэмээх үг бий. Эрхэм уншигч та яг одоо үзэг, цаасаа аваад энэ жилийн хийгээд ирээдүйн зорилгоо бичиж түүндээ хүрэх төлөвлөгөөгөө зохиогоорой. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, дотооддоо хийж чадах бүхнээ үйлдвэрлэж, Монголчуудынхаа хэрэгцээг хангаарай. Манай unen.mn сайт үйлдвэрлэлээ эхэлж буй хүмүүсийг үргэлж дэмжиж ажиллах болно. Мөн уншигч та ч гэсэн аль болох эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглээрэй. Энэ л бодит дэмжлэг.
2. Эрүүл энх байя.
Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн. Монгол иргэн бүр эрүүл энх байж л ихийг хийж, бүтээж чадна. Өвдсөн хойноо эмчлүүлэх бус өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж суръя. Хөдөлгөөн, зөв хооллолт гэх мэт эрүүл байхын үндэс болсон жижиг зүйлс дээр хүртэл анхаарч амьдрах нь чухал. Эрүүл урт насалж, эх орондоо сайхан амьдрая. 2012 он бол бидэнд маш олон зүйлсийг авчрах өгөөжтэй жил.
3.Эх орондоо ээлтэй байя.Дэлхийн олон оронд хүний гараар эвдэж сүйтгэсэн хиймлээр бий болгосон орчин давамгайлж байна. Монгол орон нэгэн үе эвдэж сүйтгээгүй онгон дагшин байгалиараа жуулчдын сонирхлыг татаж байлаа. Гэвч энэ нь түүх болоход ойртож. Цаг үе болоод нийгмийн шаардлагаар үзэсгэлэнт байгалиа сүйтгэж, газар доорхи баялагаа ашиглаж байна. Хэзээнээс л Монголчууд ухсан газраа эргүүлэн булж сэргээдэг заншилтай. Аргамжааны гадас шаасан газраа хүртэл буцааж булдаг байтал өдгөө хэдэн зуун метрээр нь ухчихаад хэнэг ч үгүй орхиод явдаг болж. Алтыг нь аваад авдрыг нь хаяхын үлгэр адил. Ухаад авчихаж чадсан юм чинь ургамал ногоо ургах нөхөн сэргээлтийг нь яагаад хийчихэж болохгүй гэж. Хаа сайгүй цөлжилт, бэлчээрийн доройтол нэмэгдсээр. Энэ бүхэнтэй цөөхөн хүн тэмцээд шийдчихгүй. Харин Монгол Хүн бүр эх орноо хайрлан сэтгэл зүрхээрээ нэгдэж байж уг байдлыг зогсоож чадна. Хаа хаанаа эх орноо бодож эх орондоо ээлтэй байя. Бодлого барьж буй нь эх орноо бодож шийдвэр гаргая. Байгалийн баялаг ашиглаж буй компани иргэд нь байгалиа бодож ажлаа явуулъя. Нийт иргэд, малчид нь бусаддаа зөв шаардлага тавьдаг байя. Иргэн бүр эх орноо бодъё. Өглөө бүр эх орноо бодож сэрцгээе. Энэ бидэнд эх орноо хайрлах сэтгэлийг өгнө.
4.Хүнлэг энэрэнгүй байяХүний мөс, жудагаа алдаж буй Монголчууд хүнлэг энэрэнгүй байя. Чадах зүйлээрээ бусаддаа туслая. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас Тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэдэг дээ. Хүнлэг энэрэнгүй байхыг зөвхөн бусдад туслах ухаанаар бус олон зүйлээр бие биендээ мэдрүүлэе. Аав ээждээ ачлалтай, Ахан дүүсдээ энэрэлтэй, бусаддаа тустай Улсдаа өгөөжтэй амьдрая. Үнэ цэнэтэй иргэн байж, хүнлэг байцгаая.
5.Идэвхи санаачлагатай байяСанаа гаргана гэдэг нэг хэрэг. Түүнийг хэрэгжүүлнэ гэдэг их чухал. Уншигч таны эх орноо бодож гаргасан, дэвшүүлсэн нэг зөв санал санаачлага таны амьдралд төдийгүй Монгол орны хөгжилд үр өгөөжөө өгдөг байхын төлөө хичээцгээе. Монгол орноо бид л сайн сайхан болгоно. Биднээс өөр хэн ч биш. Монгол орныг биднээс өөр хэн ч бодохгүй бас хайрлахгүй. Улс орныхоо үйл амьдралд идэвхтэй байя. Хөгжил цэцэглэлтийн төлөө санаачлагатай байя.
6.Зөв сонголт хийе.Энэ оны зургадугаар сард Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллагын сонгууль болно. Энэ сонгуулиар эх орноо хөгжүүлж чадах зөв хүмүүсийг сонгоорой. Амин хувийн эрх ашгаа улсынхаас өндөрт өргөдөг хүмүүсийг сонгох хэрэггүй. Иргэн таны нэг зөв сонголт таны үр хойч болоод урт хугацааны Монгол орны хувь заяаг тодорхойлох болно. Далайд дусал нэмэр гэдэг шүү дээ.
7.Ажилч хичээнгүй байяЗалхуурлын хариу нь ядуурал. Иргэн бүр нь ажилч хичээнгүй улс л хөгжил цэцэглэлтийн боломжийг хүртэнэ. Малтай нь малаа өсгөж, тариаланч нь тариагаа ахиухан тарьж, багш нь хичээлээ сайн зааж, бизнесмэнүүд нь дэлхийн дэвжээнд гарч, улс төрчид нь өөрсөддөө биш ард иргэд, бизнесмэнүүддээ ээлтэй хууль баталж урьдынхаасаа илүү хөдөлмөрлөе. Нийтээрээ 2011 оныхоос илүү их хөдөлмөрлөж илүү их үр өгөөжийг хүртэцгээе.
8.Үнэнч шударга байяИргэн бүр үнэн зөв амьдарч болж буйдаа урам, болохгүй бүтэхгүйд нь зөвлөмж буруу зөрүүд нь хүчтэй ташуур байя. Чадаж буйгаа дэмжиж чадахгүйг нь хийхийг шахъя. Шударга нь хохирч Худрага нь хожиж буй энэ нийгэмд дотоод үнэнээ алдалгүй байр суурин дээрээ бат зогсоё. Үнэнч шударга байя.
9. Оюунлаг байяХов жив, хүний хэрэгт дурласаар оюун ухаан нь хүртэл шарлах тал руугаа хандаж. Уртхан шиг нийтлэл, ухаарал хайрласан зөвлөмж уншихын оронд хэн нэгэн луйварчин баяны яаж цэнгэсэн, юу өмссөнийг шүтэх болж. Жаахан бишээ жаахнаар ч барахгүй оюунлаг баймаар байна. Залуус нь мянган төгрөгийн үнэтэй лекц сонсохын оронд арван мянган төгрөгийн такстай бааранд дурлах болж. Монголчууд хаашаа яваад байна аа. Монголчууд дэлхийн хэмжээнд оюун ухааны талх үйлдвэрлэж түгээмээр байна. Тийм боломж, тийм чадвар Монгол хүн бүрт бий. Гагцхүү өөрийгөө дайчлах л асуудал байна. Оюунлаг байя. Оюунаараа дэлхийд өрсөлдөе.
10. Ирээдүй хойчоо боддог байяТөрийн болоод бизнесийн, хувийн болоод хувьсгалын гэж ялгалгүй хойч үеэ бодъё. Харцанд нь гуниггүй, сэтгэлд нь шархгүй, ходоод нь хоосонгүй, халуун дулаан уур амьсгалтай хүүхдийн орчинг бүрдүүлцгээе. Хөөр баяр, хөгжил жаргалаар дүүрэн хүүхэд занг нь эвдэлгүй, хүүхдийн эрхийг дээдэлдэг байя. Бидний үргэлжлэл болсон тэдний төлөө бодъё бас бүтээе.
11. Эв нэгдэлтэй байя Болохгүй бүтэхгүй бүхнийг бичвэл олон зүйл байгаа. Монгол түмэн эв нэгдэлтэй байх үедээ хамгийн хүчтэй байдаг. 2012 онд бүгд эв нэгдэлтэй байж ихийг хийж бүтээцгээе. Эх орны эрх ашгийн төлөө бол нам, улс төр хамаагүй зогсож чаддаг. Эвлэлдэн нэгдэж томоохон алхамуудыг хийх нь бидэнд дэлхийд гарах боломж хийгээд гарцыг бий болгоно.
12. Эргээд бахархах түүхтэй байяБие явж нэр үлдэх энэ орчлонд сайнаар дурсагдах түүхтэй байя. Энэ цаг хийж хэрэгжүүлж буй бүхэн түүх болон үлдэнэ. Ирээдүйд олон хүнд үр өгөөжөө өгч буй өнөөгийн түүх нь мартагдахгүй сайн сайхнаар үлдэх болно. Муу нэрийг хусавч арилахгүй Сайн нэрийг булавч балрахгүй гэдэг. Таны зөв үйлдэл, зөв шийдвэрийг олон зуунд марталгүй дуурсгах түүхийг 21-р зууны эхний хагаст бичээрэй. 2012- Шинэ он, Шинэ боломж, Шинэ бүхэн Монголчуудад маань үр өгөөжтэй балрашгүй түүх болон мөнхрөг.
UNEN.mn Э.САЙНБАЯР
Мэдээллээ unen_mn@yahoo.com хаягруу явуулна уу