Шүүхийн шийдвэр гараагүй байхад гэм буруутай хэмээн зарлахыг хориглоно

 

      УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өчигдөр хуралдаж Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль сахиулах тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдэд хүний эрхийг хэрхэн хангаж байгаа талаар хэлэлцжээ. 

 

Хуралдааныг тус дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Болд даргалж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон байна.

 

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хууль ёсны эрхийг хангах шаардлагаар тодорхой зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгажээ. Ялангуяа яллагдагчийн гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоох, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад гэм буруутай гэж олон нийтэд мэдээллэхийг хориглох, яллагдагч хэргээ шүүхэд шилжүүлж хэлэлцүүлэхийг шаардах, энэ талаар гомдол гаргах эрхтэй байхаар төсөлд шинээр тусгасан байна. Мөн гэрч хохирогчийг хамгаалах арга хэмжээний талаар процессын хуульд тусгажээ.

 

Түүнчлэн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, аль болох цагдан хорих арга хэмжээг авахгүй байх үүднээс хувийн баталгаа гаргах, зорчих эрхийг хязгаарлах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээний төрлүүдийг шинээр оруулж, бүртгэлийн ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт бий болсныг үндэслэж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсаны дараа таслан сэргийлэх арга хэмжээг авдаг байхаар тусгасан байна. 

 

Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг богиносгож, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийн зөрчил гарахаас сэргийлж, дууны болон дуу дүрсний бичлэг хийх зэргээр орчин үеийн техник тоног төхөөрөмжийг ашиглах, нөхцөл журмыг шинээр хуульд тусгасан зэргийг хуралдааны үеэр Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.

 

О.Түвшин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (103.57.93.216)

    2016-04-25

    ЗӨВ ШҮҮ

  • (103.57.93.216)

    2016-04-25

    ЗӨВ ШҮҮ

  • (103.57.93.216)

    2016-04-25

    ЗӨВ ШҮҮ

  • (103.57.93.216)

    2016-04-25

    ЗӨВ ШҮҮ

  • (103.57.93.216)

    2016-04-25

    ЗӨВ ШҮҮ