М.Энхболд Швейцарь, Казахстан, Сингапур, Швед, Тайландын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

 

Ази, европын парламентын түншлэлийн IX уулзалт өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ. Энэ уулзалтын хүрээнд олон орны парламентын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна. МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд Швейцарын холбооны улс, Сингапур, Казахстан, Швед, Тайландын вант улсын парламентын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Швейцарын парламентын гишүүн Кати Риклин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ УИХ-ын дэд дарга М.Энхболд хөдөө аж ахуй,  аялал жуулчлал зэрэг Швейцарь улсад өндөр хөгжсөн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Монголд зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтад Швейцарын холбооны улсын Ерөнхийлөгч оролцохоор төлөвлөж буйд талархаж байгаагаа цохон тэмдэглэлээ. Үүний дараа Бүгд найрамдах Сингапур улсын төлөөөлөгчидтэй уулзсан юм. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад тус улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнг оролцохоо албан ёсоор мэдэгдээд байгаа юм. УИХ-ын дэд дарга М.Энхболд уулзалтын үеэр зүүн өмнөд азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь Монголын гадаад бодлогын гол зорилгуудын нэг гэдгийг онцлов. Тэрбээр цааш  нь хэлэхдээ "Манай хоёр орон хөдөө аж ахуй, эрчим хүч,  уул уурхай, дэд бүтцийн салбарт хамтарч ажиллах боломж байгаа" гэсэн юм. Гаднын төлөөлөгчдийн зүгээс Монгол Улсад элэгсэг дотноор хүлээн авч, Ази, европын парламентын түншлэлийн уулзалтад урьж оролцуулж буйд талархал илэрхийлж байлаа. Казахстаны төлөөлөгчид 95 жилийн түүхтэй Монгол Ардын намын даргатай уулзаж байгаагийн хувьд УИХ-ын сонгуульд амжилттай оролцоно гэж итгэж буйгаа дуулгалаа.  Түүнчлэн Казахстанд 2017 онд болох эдийн засгийн экспод оролцохыг албан ёсоор урьсан. Аюулгүйн зөвлөлийн албан бус гишүүнээр Казахстаныг элсэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Харин Швед улсын төлөөлөгчидтэй уулзахдаа М.Энхболд дарга 2019-2020 онд Скандинавын орнуудад Монгол Улсын соёл урлаг, эдийн засгийг сурталчилсан арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа дурдаад  дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн УИХ-ын дэд дарга М.Энхболд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа Шведтэй, Улаанбаатарыг ах дүү хот болох санамж бичигт гарын үсэг зурж байснаа дурдсан юм. Өөрөөр хэлбэл, Швед, Монголын нийслэл хотын хооронд ч эртний уламжлалт харилцаатай байсан гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Шведэд 4000 гаруй Монголчууд ажиллаж, амьдарч, суралцаж байгаа аж. Тус улсад амьдардаг Монголын иргэдэд хууль эрхзүйн хүрээнд туслалцаа дэмжлэг үзүүлж байхыг энэ үеэр захилаа. Дараа нь УИХ-ын дэд дарга М.Энхболд Тайландын вант улсын төлөөлөгчдийг хүлээн авч, бүс нутагт хэрэгжиж байгаа төслүүдийн талаар санал солилцов. Тус улсын дэмжлэгтэйгээр үдийн цай хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг онцлон тэмдэглэлээ.

 

 

 

 

Ц.Тунгаа 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)