Намууд ямар мөрийн хөтөлбөр танилцуулав

 

        Өнгөрсөн  2012 оны УИХ-ын сонгуульд 11 нам, хоёр эвсэл, 2008 оны УИХ-ын сонгуульд 12 нам, нэг эвсэл өрсөлдөхөөр болж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа гардаж байсан бол өнөөдөр энэ тоо бие даагчдаар  эрс тэлээд ирлээ. УИХ-д 2008 оны сонгуулийн үр дүнгээр бие даан дэвшигч З.Алтай УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол 2012 сонгуулиар бие даагч Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар гишүүнээр сонгогдсон юм.  

 

Тэгвэл энэ жилийн сонгуулийн талаар Үндэсний аудитын газрын дарга А.Зангад, 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр энэ сарын 20-ны байдлаар 14 нам, хоёр эвсэл  80 гаруй бие даагч мөрийн хөтөлбөрөө өгсөн. Энэ тоо ч цаашдаа нэмэгдэх шинжтэй байна. Бид СЕХ-нд нөхцөл байдлаас танилцуулж аудит хийх хугацаагаа тогтоолгоогүй бол энэ 90 гаруй мөрийн хөтөлбөр 27, 28-нд ирж ч мэдэх байсан. Ингэсэн бол Үндэсний аудитын газар ажиллахад хэцүү. Одоо бид нэг газрынхаа ажлыг нь зогсоогоод зөвхөн мөрийн хөтөлбөр дээр ажиллуулж байна гэв.

 

АН-ын тухайд найман жилээр боловсруулсан “Монгол хүн-2020” хөтөлбөртөө бага зэргийн засвар хийгээд  Үндэсний аудитын газарт хүргүүллээ.  Өөрөөр хэлбэл, Ажилтай орлоготой, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Аюулгүй орчинтой, Эрх чөлөөтэй Монгол хүн гэх мөрийн хөтөлбөр үндсэн концепцийн хувьд өөрчлөгдөхгүй, өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж эхэлсэн ажлаа дүгнэж үзээд хийгээгүйг нь өөрчилж, шинээр хийх ажлаа нэмсэн гэнэ.

 

Харин МАН-ынхан хоёр өдөр хуралдаж, МАХН-тай хамтран мөрийн хөтөлбөрөө боловсруулах гэж чамгүй удаан хугацаанд хүлээсэн. Гэвч хоёр намын эсвэх нэгдэх асуудал хэн хэнийх нь шантаажаас болж бүтэлгүйтсэн учраас тус тусдаа өргөн мэдүүлэв. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт,  “Бид хамтдаа”  "МАН-ын мөрийн хөтөлбөр бол ард түмний санаа бодолд тулгуурласан, өнөөдөр үүсээд байгаа бухимдалтай асуудлыг шийдэхэд зориулагдсан хөтөлбөр болсон. Бид мөрийн хөтөлбөртөө цалинтай ээж, бүх оюутанд 70 мянган төгрөг олгох асуудлыг тусгасан. 1072 хувьцааг амь оруулах, үр өгөөжийг гаргах асуудлыг тусгасан. Өөрөөр хэлбэл энэ хүндрэлтэй байдлыг МАН ард түмэнтэй хамтдаа давж чадна гэдгийг мөрийн хөтөлбөрөө тусгасан" хэмээн мөрийн хөтөлбөрийнхөө агуулгыг танилцуулсан нь  Хөдөө аж ахуйг хөгжүүлж эдийн засгаа солонгоруулах, хөнгөн үйлдвэрийн салбараа бодлогоор дэмжих зэрэг халамжийн бодлогыг чухалчилсан мөрийн хөтөлбөр бололтой.

 

МАХН-ын хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд намын үүр хороодын гишүүдээр хэлэлцүүлсэн “Хөгжлийн их хөтөлбөр” нэртэй мөрийн хөтөлбөрөө  хүргүүлэв.  10+30+60=100 буюу арван жилийн дотор 60 тэрбум ам.доллар зарцуулж хөгжлөөрөө дэлхийд эхний 30 орны тоонд багтах, мянганы хөгжлийн төмөр зам барих, хурдны галт тэрэгний замтай болох, орон сууцгүй бүх өрхийг “0” түрээсийн зарчмаар орон сууцтай болгох, оюутны сургалтын төлбөрийг үе шаттайгаар төр 100 хувь хариуцдаг тогтолцоо руу шилжих, 150,000 хүн амтай аж үйлдвэр, инновацийн цогцолбор найман хоттой болох зэрэг зүүний чиг баримжаатай намуудын боловсруулдаг бас л халамжид түшиглэсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулснаа хүргүүлжээ.

 

Ногоон үзэл баримтлалыг чиг баримжаа болгодог ИЗНН-ынхан 2012 оныхтой адилхан “Амьдрал” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулсан аж.

 

Харин Монгол Улсын хамтын хөгжлийн бодлогыг төр – хамтын оролцоо – шинжлэх ухаан гурвалсан холбоонд шатлан төлөвлөж, хэрэгжүүлэх зорилго тавьсан ХҮН-ынхан 2016 оны сонгуулийн жил Монгол Улсын язгуур эрх ашиг, хүнээ дээдэлсэн үзэл баримтлалаар мөрийн хөтөлбөр боловсруулсан хэмээлээ. Тодруулбал, “Эрх тэгшийн хувьсгал” хэмээх уг мөрийн хөтөлбөр Үндэсний эрх ашгийг хамгаалах, Үндэсний баялаг, баялгийн үзлийг төлөвшүүлж мөрдөх, Цэвэр төрийг бий болгох, Олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх, Эрх тэгш нийгмийг цогцлоох гэсэн таван үндсэн бодлогын хүрээнд бичигджээ.

 

Харин МҮАН-ынхан 40 орчим бодлогын арга хэмжээг тусгасан, ардчиллыг гүнзгийрүүлэх, УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хамгаалсан хуулийн заалтыг цуцлах гэх мэт мөрийн хөтөлбөр боловсруулсан бол  парламентад суудалгүй “Монгол Консерватив” нам, Хөгжлийн хөтөлбөр намтай хамтран эвсэл байгуулж ирэх сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Тус хоёр намын хувьд “Бодлогын хувьсгал-5+3” гэсэн Бодлогын таван хувьсгал хийж, гурван зүйлээс салах бөгөөд нийгмийг архи, авлига, аборт гэсэн гурван том айдсаас салгах хөтөлбөр боловсруулсан байна.

 

Бие даагчдын холбооны хувьд “Түмнээ нэгтгэнэ, Төрөө цэвэрлэнэ, Монголоо мандуулна” Тусгаар тогтнолын үзэл баримтлалыг бий болгож, Монгол Улс урт хугцааны тогтвортой хөгжих ёстой гэж тэд мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ.

 

Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгнө гэдэг нь сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлаж байна гэсэн үг. Нам, эвсэл, бие даагч хэмээн хуульд тусгаад өгчихсөн учраас Аудитын газар мөрийн хөтөлбөрийг хүлээж авснаас хойш ямар нэг байдлаар нэгдэж, эвсэх, хамтрах тухай яриа гарах боломжгүй боллоо.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (43.242.242.224)

    2016-04-25

    MAN MAXN ch zugeer amruu xool xiij mungu uguud baix ium bna l da.Xalamjiin bodlogoo arai uur yanzaar xiivel yasan ium be.Arai xurteemjtei,ediin zasagt uguujtei ium xiigeechee.Bas nemj end tendees mungu zeelj avaad taraagaad ugux ium bna l da.Xotsrogdson xeveeree bna a.Ard tumen uur bolson shuu.

  • (43.242.242.224)

    2016-04-25

    MAN MAXN ch zugeer amruu xool xiij mungu uguud baix ium bna l da.Xalamjiin bodlogoo arai uur yanzaar xiivel yasan ium be.Arai xurteemjtei,ediin zasagt uguujtei ium xiigeechee.Bas nemj end tendees mungu zeelj avaad taraagaad ugux ium bna l da.Xotsrogdson xeveeree bna a.Ard tumen uur bolson shuu.

  • зочин (202.179.31.10)

    2016-04-25

    АН 2012-2016 онд "Ажилгүй, орлоггүй, өвчтэй, аюултай, эрх чөлөөгүй Монгол хүн" мөрийн хөтөлбөр хэрэгжүүлсэн нь амжилттай хэрэгжсэн. - See more at: http://www.unen.mn/content/61783.shtml#sthash.9Ovb0bOD.dpuf

  • Зочин (202.21.117.42)

    2016-04-25

    АН 2012-2016 онд "Ажилгүй, орлоггүй, өвчтэй, аюултай, эрх чөлөөгүй Монгол хүн" мөрийн хөтөлбөр хэрэгжүүлсэн нь амжилттай хэрэгжсэн.