Д.Дагвадорж ХӨСҮТ-д 2000 уян зүүг хүлээлгэн өглөө

 

Их аварга Асашёрү Д.Дагвадорж өчигдөр улаанбурхан өвчний эмчилгээнд шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмж, эмчилгээний хэрэгслийн эхний тусламжийн хэсгийг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүд гардуулан өглөө.

 

Энэ үеэрээ тэрээр эрчимт эмчилгээний тасгаар орж эцэг эхчүүдтэй ярилцан, нярай хүүхдүүд хэрхэн эмчилгээ сувилгаа хийлгэж байгааг харж, ямар тоног төхөөрөмжүүд, яагаад хэрэг болдог тухай сонсож танилцсан юм. Мөн эмнэлгийн удирдлагуудтай эмч, сувилагч нар ямар нөхцөлд ажиллаж байгаа болон ямар хэрэгслүүд нэн шаардлагатай талаар зөвлөлдлөө.

 

Д.Дагвадорж аварга хандивлахаар төлөвлөсөн зүйлсийнхээ эхний ээлжийн 2000 ширхэг уян зүүг хүлээлгэн өглөө. Нярайн судас олдохдоо тун хэцүү тул энэ зүүг ашиглан олон удаа хатгахгүйгээр эм, тариаг хийж болдог аж. Аварга маргааш гадагшаа явах тул эхний ээлжийн хандиваа өөрийн биеэр хүлээлгэн өгч буй нь энэ.

 

Үүний дараа 10 сая төгрөгийн өртөг бүхий хоёр ширхэг монитор аппарат энэ лхагва, баасан гаригуудад ирэх бол автомат шахуурга 5-6 ширхэгийг захисан нь тавдугаар сарын дундуур ирэхээр болжээ. Тэрээр Монголд 4-5 сая төгрөгөөр худалдаалагддаг мониторыг Японоос захиалж авчруулсан нь нэгэнт туслах гэж байгаа тул чанартай, удаан эдэлгээтэйг нь сонгосонтой холбоотой гэв. Эдгээр эмнэлгийн хэрэгслүүдийн үнэ өртөг нийлээд 30 гаруй сая төгрөг болсон байна.  

 

Аса аварга ХӨСҮТ-д энэ өвчнөөр шаналж байгаа нярай, эцэг эхчүүдэд юу шаардлагатай байгааг эмнэлгийн удирдлагуудаас асуухад: “Өнөөдөр 10 ортой сэхээнд 20 хүн хонож эмчлүүлж байна. Энэ бол өдөр бүр болдог зүйл. Бидэнд тохиолдоод буй хүндрэл гэвэл эм тарианаас эхлээд их л зүйл бий. Харин хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол 45 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын зохиомол аппарат юм.

 

Бид сая Нэгдүгээр эмнэлгийг дайчлаад хуучин хэрэглэж байсан аппаратыг нь татаж авсан. Эх нялхас, Цэргийн эмнэлгээс мөн нэг нэгийг татаж, хуучин аппаратуудаа нөхөж ашиглаж байна. Байгааг нь л татаад бачимдсандаа хэрэглэж байгаа минь энэ” гэв.

 

Их аварга эмнэлгийн удирдлага, эмч сувилагчдад шаардлагатай байгаа 45 сая төгрөгийн аппаратыг авах хандивын мөнгийг босгох аян өрнүүлэх, Япон улсад ажиллаж байхад нь спонсор байсан томоохон эмнэлгүүдээс хэрэглэж байсан ч хамаагүй тоног төхөөрөмжүүдээ өгөхийг хүссэн тухайгаа, “Хүүхдийн эмнэлгийн амбулатори” шинээр байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгасан юм.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Zochin eej (202.179.25.242)

    2016-04-27

    Bayrlalaa.avargaa.Tand eruul enh saihan buhniig hucii.buyn ni bum bolon delgereg

  • (202.131.7.199)

    2016-04-26

    avarga avargaaraa tordeg

  • Зочин (150.129.143.206)

    2016-04-26

    Баярлалаа