С.Санчир: Нийслэлийн долоон дүүргийн шүүхийг эрүү, иргэнээр дагнан байгуулна

 

        Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчиртай ярилцлаа.

 

-Хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөөр нийслэл, орон нутгийн шүүхийг ямар зохион байгуулалтад оруулахаар болж байна. Багахангай дүүрэгт шүүх байгуулах шаардлагагүй гэж үзэж буйн шалтгаан юу вэ?

 

-Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэх Цэцийн дүгнэлт гарсан. Дүгнэлт энэ оны зургадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болно. Үүнтэй холбогдуулан Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлдэж байна. Нийслэл дэх давж заалдах шатны болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс бусад дүүрэг болон аймаг дундын давж заалдах шатны шүүхийг өөрчлөн байгуулах юм. Давж заалдах шатны шүүхийг аймаг тус бүрт байгуулна. Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн шинэтгэлийн хүрээнд дагнасан шүүхийн тогтолцооноос ухрахгүй гэдэг бодлогыг баримталж байна. Аймгуудад байгуулах шүүхийг эрүү, иргэний хэргээр дагнасан танхимтай байх хувилбар сон госон. Харин нийслэлийн долоон дүүргийн шүүхийг шинээр байгуулна. Гэхдээ эрүү, иргэнээр дагнаж бай гуулна. Багахангай дүүргийн хувьд хүн амын тоо харьцангуй цөөн. Сүүлийн зургаан жилийн дундажийг харвал жилдээ эрүүгийн долоо, иргэний 27 хэргийг шийдвэрлэжээ. Энэ нь бусад дүүргийн шүүхтэй харьцуулахад ачаалал багатай гэж ойлгоод тус дүүрэгт шүүх байгуулах нь оновчгүй гэж үзсэн. Багахангай дүүрэгт шинээр шүүх байгуулахад дэд бүтэц, тавилга, шүүгч шинээр томилох, захиргааны ажилтнуудын зардалд жилдээ 1.7 тэрбум төгрөг шаардлагатай. Өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдалд тус дүүрэгт заавал шүүх байгуулах шаардлагагүй. Үндсэн хуулийн Цэцийн 1994 оны хоёрдугаар тогтоолоор дүүрэг тус бүрт шүүх байгуулна гэсэн дүгнэлтийн дагуу Багахангай, Налайх дүүргийн шүүхийг 1995 онд салгасан байдаг.

 

-Давж заалдах шатны шүүхийг дагнан байгуулахад шүүгчийн орон тоог хэрхэн зохицуулах вэ?

 

-УИХ-ын 2015 оны 59 дүгээр тогтоолоор баталсан шүүгчдийн орон тооны дээд хязгаарыг нэмэгдүүлэхгүйгээр тухайн шүүхийн ачааллыг харгалзан орон тоог өөрчилнө. Давж заалдах шатны шүүхэд ажиллаж байгаа нийт шүүгчдийг шилжүүлэх замаар шүүн таслах ажиллагааг тасралтгүй явуулна. Ингэж ажиллахад хэрэг шийдвэрлэх ажиллагаанд бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зэргэлдээ аймгийн шүүхээс бүрэлдэхүүн томилж ажиллуулахаар зохицуулсан. Аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуулахад ажиллах хангалттай шүүгчийн орон тоо байхгүй. Тэгэхээр дээр хэлсэн шүүгчийн орон тоог батлах тогтоолд заасан нийт шүүгчийн дээд хязгаарт багтааж, ачаалал багатай анхан шатны шүүхээс томилоогүй сул шүүгчийг давж заалдах шатны, эсвэл ачаалал ихтэй анхан шатны шүүх рүү шилжүүлэх байдлаар зохицуулна. Ингэснээр одоо ажиллаж байгаа анхан шатны шүүхийн шүүгч нарт ямар нэг нөлөөгүй. Мөн давж заалдах шатны шүүхийг аймаг тус бүрт эрүү, иргэний дагнасан танхимтай байхаар тусгасан. Тиймээс давж заалдах шатны шүүгчид танхим тус бүрт харьяалагдана. Хэрэг шийдвэрлэх ажиллагаандаа танхим сэлгэж ажиллахыг хориглосон. Тэгэхээр тухайн шүүхийн ерөнхий шүүгч хоёр танхимдаа сэлгэж, бүрэлдэхүүнд орж хэрэг шийдвэрлэх ажиллагаанд орох зохицуулалтыг оруулж өгсөн. Орхон, Дархан-Уул аймагт хүн амын төвлөрөл ихтэй учраас давж заалдах шатны шүүхийг дагнасан хэвээр үлдээнэ. Дээрх хоёр аймгаас бусад аймгийн давж заалдах шатны шүүхэд нэмж шүүгч томилох боломжгүй.

 

-Дээрх хуулийн төслийг хэрэгжүүлэхэд хэчнээн төгрөгийн төсөв шаардлагатай вэ?

 

-Төсөв, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан аль болох бага зардал гаргах хувилбарыг сонгосон. Монгол Улсын хэмжээнд давж заалдах шатны шүүх 19 байсныг 26, дүүргийн шүүх найм байсныг 16 болгож нийт 15 шүүх шинээр нэмж байгуулан, нийт 115 шүүх байхаар төслийг боловсруулсан. Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэрэгжүүлэхэд 2.5 тэрбум төгрөг шаардлагатай. Шүүхийн байр хүрэлцээгүй байгаа найман газар бий. Тиймээс дээрх зардалд байрны түрээсийн зардал, 13 аймагт шүүгчдийг нүүлгэн шилжүүлж ажиллуулах зардал орж байгаа юм.

 

-Төсөвт шаардлагатай 2.5 тэрбумыг суулгасан юм уу. Хаанаас гаргах вэ?

 

-Энэ жилийн ШЕЗ-ийн төсөвт дээрх мөнгийг суулгаагүй. Тэгэхээр Засгийн газрын нөөц сангаас гаргах шаардлага байна. Энэ долоо хоногт УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэх явцдаа төсвийг шийдэх байх.

 

-Ер нь нэг шүүхэд жилдээ хэчнээн төгрөг төсөвлөдөг вэ. Мөн байр түрээсэлнэ гэж байна. Үүнд хэдий хэмжээний мөнгө зарцуулах вэ?

 

-Төсөвлөж байгаа мөнгө шүүх бүрт харилцан адилгүй. Байрны хувьд тухайн орон нутагт түрээсийн байрны дундаж үнийг судалж, хэдэн шүүгч, захиргааны ажилтан тухайн Тамгын газарт нэмэгдэхээр байгааг тооцоолж түрээсийн зардлыг тусгасан. Тухайлбал, Сүхбаатар аймгийн давж заалдах шүүх гэхэд түрээсийн зардлыг 12, Говьсүмбэр аймаг 18 сая төгрөг гэж тооцсон.

 

-Шүүхийг анх өөрчлөн байгуулахад 17 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулсан гэсэн тооцоо байдаг. Одоо буцаахад 2.5 тэрбумыг зарцуулна гэж байна. Тэгэхээр нийт 19.5 тэрбум төгрөгийг салхинд хийсгэчихэж байгаа юм биш үү?

 

-Шүүхийг өөрчлөн байгуулах ажлыг 2013 оноос явуулсан. Харин өнгөрсөн жил баталсан Шүүх байгуулах тухай хуулиар анхан болон давж заалдах шатны шүүхэд шинэтгэлийг хэрэгжүүлсэн. Гэхдээ үүнд тийм их зардал гаргаагүй. Одоо аймаг дунд байгуулсан давж заалдах шатны шүүхийг аймаг тус бүрт байгуулна гэдэг харин ч их зардал гарч байгаа. Бидний анхны тооцоогоор хамаагүй их төсөв шаардлагатай байсан. Давж заалдах шатны шүүхийг аймаг бүрт дагнан байгуулахгүйгээр танхимтай байгуулж байгаа нь зардлыг харьцангуй хэмнэж байгаа юм.

 

-Шүүхийг дагнан байгуулахын давуу тал нь юу байсан бэ. Дархан, Орхон аймгийн шүүхийг хэвээр үлдээх нь үндсэн хуультай зөрчилдөөгүй гэж үзэж болох уу?

 

-Шүүгчид хэргийн төрлөөр дагнан ажиллана гэдэг тухайн шүүгчийн ажлын үр дүн эерэгээр гарна гэсэн үг. Мөн шүүхэд хандаж буй иргэдийн сэтгэл ханамж, шүүх байгууллагад итгэх итгэл нэмэгдэнэ. Тэгэхээр иргэдэд ач холбогдолтой. Мөн шүүхийн ачаалал, хэргийг шүүх чанар сайжирна гэсэн үг. Дархан, Орхон аймагт давж заалдах шатны шүүхийг одоо байгаа дагнасан шүүх хэвээр үлдээж байгаа нь Үндсэн хуультай зөрчилдөхгүй. Учир нь, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны, Дархан аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэж байгуулж байгаа болохоор Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэд заасан шиг аймаг дунд байгуулаагүй учраас үндсэн хуультай зөрчилдөхгүй.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (122.201.22.216)

    2016-04-27

    шүүхийг үнэнхүү дампууруулж байна .дахиад л буруу тогтолцоо байна даа

  • (122.201.22.216)

    2016-04-27

    шүүхийг үнэнхүү дампууруулж байна .дахиад л буруу тогтолцоо байна даа