Д.Тэрбишдагва эвсэлээс гарах уу

 

        Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх хуваарьтай байсан. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцээс сонгуулийн тухай хуульд багтсан намын жагсаалтаар сонгогддог хэсгийг Үндсэн Хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн билээ. Тиймээс энэ долоо хоногт УИХ-аар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай болоод байгаа юм.

 

Одоогийн байдлаар АН болон МАН-ын бүлэг Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлээд байгаа. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо өчигдөр уг асуудлыг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн. Харин дээрх асуудлыг МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг болон Иргэний зориг ногоон намууд хүлээж авахаас татгалзаад байгаа.

 

Тэгвэл өнөөдөр чуулганаар хамгийн түрүүнд уг асуудлыг хэлэлцэх ёстой байсан “Шударга ёс” эвслийн бүлгээс завсарлага авсан. Завсарлага авах саналыг эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ мэдэгдсэн ч УИХ-ын дарга хариуд нь "тав хоногийн завсарлага өгөх боломжгүй, бүлгээ хурдан хуралдуулаад орж ирэх үүрэг өгсөн" юм.

 

Гэвч одоо болтол эвслийн бүлэг дээрх асуудлыг шийдвэрлээгүй бололтой чуулган завсарлаад байна.Харин хамгийн сонирхолтой нь өнөөдөр бүлэг нь завсарлага авахыг дэмжихгүй байсан ганц гишүүн бол Д.Тэрбишдагва гишүүн байлаа.

 

Тэрбээр "Ард түмний 90 гаруй хувь нь хүсээд сонгуулийн хуулийн өөрчлөлт хийгээд байхад бүлэг ийм балай юм хийж болохгүй. Би өчигдрийн бүлгийн хуралдаанд оролцоогүй. Надаар үг хэлүүлэхгүй байна. Би үг хэлсэн бол энэ завсарлага авах асуудлыг ч гэсэн болиулмаар байна" гэв. Тэгвэл хамгийн сонирхолтой нь тэрбээр микрофонгүйгээр "Би бүлгээсээ гарна" гэж орилсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. МАХН, МҮАН, ИЗНН гэх жижиг намууд намын жагсаалтыг байхгүй болохыг хамгийн их эсэргүүцэж байгаа. Тиймээс дээрх асуудлаас болж Д.Тэрбишдагва гишүүн эвслээс гарч болзошгүй юм. Хэрэв тэгвэл Шударга ёс эвслийн бүлэг албан ёсоор тарна. УИХ-д найм буюу түүнээс дээш гишүүнтэй нам, эвслүүд бүлэг байгуулах хуультай байдаг.

 

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.9.42.2)

    2016-04-28

    Тэрбишдагвад баяр хүргэе.

  • zochin (59.153.113.117)

    2016-04-27

    ta garah heregtei sh tee naad ebsel chin shudarga bus evsel bolood udaj bna shuu dee