Ойлголцол ба хэрүүл (”Амьдрал их энгийн” цуврал-4)

 

        Амьдрал их энгийн. Гэхдээ олон хүмүүс хэрүүл маргаанаас болж их бухимдан ядардаг. Ямар нэгэн асуудлаар ойлголцож чадахгүй болохоороо хүмүүс өөр өөрийн санаа бодлоо хамгаалан маргалдана. Хичнээн их зөрөлдөх тусмаа төдий хэмжээгээр дуугаа өндөрсгөн, амьсгаадан аахилна. "Үгүй ер, чи муу..." гэж дотроо хорсон үгэлж, нөгөө хүнийхээ хэлж байгаа үг болгоныг давж гарах хүслээр дотоод сэтгэлдээ нуугдан байсан хамаг л муу үг болгоныг амаараа цацлан гаргана. Тэглээ гээд хэн ч "ялдаггүй". Хүн болгон өөрийн санаа бодол болон хэлж буй үгээ "зөв" гэж итгэж байдаг болохоор. Уурандаа амнаасаа гаргасан тэр үгсийг эргүүлэн залгилж болохгүй болохоор тэр үгс нь аль хэдийн нөгөө хүнийхээ сэтгэл зүрхийг "шархлуулж" байгааг анзаарч мэдэрдэггүй. Хэсэгхэн хугацааны дараа тайвширч, хоорондоо эвлэрэн бие биенээсээ уучлал хүсэх авч, бас бие биенээ уучлах боловч уурандаа түүн рүү харвасан "үгэн зэв" зүрх сэтгэлийг өвтгөөд л байдаг. Хэрвээ бид дахин дахин маргалдах бүртээ яг л энэчлэнгээр давтаад, дараа нь бие биенээ уучлах авч олон олон муу үгийн гайгаар шархалсан сэтгэл зүрх эдгэдэггүй. Тэгээд нэг мэдэх дор чимээгүйхэн холдоод явсан байх нь бий. "Салшгүй сайн хүндээ марташгүй муу үг бүү хэлж бай" хэмээн монголчууд бие биедээ сургаж иржээ.


Олон хүмүүс маргалдаж буй нөгөө хүнээ "яг өөр шигээ" байлгах гэж төсөөлдгөөс ойлголцдоггүй. Яг өөр шиг нь сэтгэсэнгүй гэж, яг өөр шиг нь ойлгосонгүй гэж, яг өөр шиг нь хандсангүй гэж бухимдацгаадаг. Тэр ч бүү хэл зарим нь хэрүүл маргаандаа "Чи тэгж бодож байгаа байх" хэмээн нөгөө хүнийхээ өмнөөс өөртөө тайлбар хэлнэ. Тэр тулгалтыг нь "тийм" гэж зөвшөөрвөл худлаа хэлсэн болно, "үгүй" гэж няцаавал улам ихээр уурлан хашгична. Бид нэг л зүйлийг "хүн болгон бие биенээсээ огт өөр" гэдгийг төсөөлж чаддаггүйд их шалтгаан буй. Уг нь байна шүү дээ, харилцаж байгаа хүн болгоныг байгаагаар нь ойлгож, тэр хэмжээгээр нь харьцахад л болчих юм шүү дээ. Өөрөөсөө тэнэг хүнд өөрийгөө илүү ухаантай гэж нотлох гэж зүтгээд яана, өөрөөсөө илүү ухаантай хүнтэй адилхан болох гэж тэнэгтээд яана, угаасаа ойлголцдоггүй санал зөрүүтэй сэдвээр "өөрийн зөв" хэмээн бодлоо тулгаад яана, ааш араншин нийлдэггүй хүнтэй заавал хэрэлдэн маргалдан хамт байх гэж зөрүүдлээд яана, тавилан таарахгүй хүнтэй заавал амьдрал нийлэх гэж тарчлаад яана. Ямар ч хүнтэй ярилцаад ойлголцохгүй сэдвээр маргахын оронд "алгасаад" явчихаж болно. Маш эелдгээр "энэ сэдвээр чи бид хоёр ойлголцдоггүй юм чинь, өөр сэдвээр ярилцья" хэмээн санал тавьж болно. Ойлголцож болох өөр олон сэдвүүд байхад заавал маргалдаж мэтгэлцэх хэрэг байна гэж үү? "Уур биеийг зовооно, уул морийг зовооно" гэдэг сургааль бий дээ.
 

Ойлголцол гэдэг чинь тийм ч хэцүү биш. Нэг нь ямар нэгэн асуудлаас болж тан руу орилж хашгичих аваас зөрж хэрэлдэхийн оронд, дуугаа хураачихаад дотор сэтгэлдээ өөрийгөө аргадан тайвшруулж, тэсч тэвчиж болно. Хүн хэзээ ч өөрөө өөртэйгээ хэрэлддэггүй болохоор аргаа бараад тайвширч орхино, өөр яалтай ч билээ. Амьсгаа нь дарагдан тайвширсаных нь дараа тайвнаар учирлан хэлэлцэж болно. Түүнийг уурлаж хашгичиж байхад нь дотор сэтгэлдээ түүнтэй "хэрэлдэн", хэлэх гэж бодсон муу үгээ аман дээрээсээ буцаан залгисныхаа төлөө хүн хэзээ ч харамсдаггүй. Тэр муу үгс нь таны сэтгэл дотор оршиж, нөгөө хүний сэтгэлд нь сонсогдоогүй болохоор "гомдол" хургадаггүй. "Их сонсож, бага хэрэлдэж бай" хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяасан ч юм бил үү? Аливаа хүнтэй маргалдсаныхаа дараа бурууг нь тэр хүнээсээ биш, өөрөөсөө эхэлж хайвал хүмүүс амархан тайвширч, нөгөө хүнээ уучлахад илүү амар болдог. Маргалдсан асуудлынхаа бурууг нөгөө хүнээсээ хайж, өөрийгөө өмөөрч байгаа хүн хэзээ ч тайвширч чаддаггүй. Ямагт өөрийгөө өмөөрч бусдыг буруутгадаг хүмүүс аажим аажимдаа бүх л зүйлийг үзэн ядахад хүрдэг. Зөвхөн өөрийн тань зөв, бусдын буруу энэ орчлонд чи хэзээ ч сэтгэл амар амгалан амьдарч чадахгүй. Бухимдал, стресс бүхэн чамайг ганцаардуулна. Учир нь бусдыг ойлгодоггүй чамайг ч бусад хүмүүс ч ойлгохгүй.


Амьдрал их энгийн. Чи аав ээж, ах дүүс, амраг садан, найз нөхөд, ажлын газрынхан, бас тохиолдлоор уулзаж учирч буй олон хүмүүст хүндэтгэлтэй хандаж, ойлгож ойлголцож байх нь чиний амьдралын амар амгалан байхын баталгаа. Хүн болгоны хүмүүжил төлөвшил, санаа бодол, зорилго хандлагууд нь огт адилгүй болохоор хүн болгоныг байгаагаар нь ойлгож сурах нь хамгийн чухал байдаг. Өөртэйгээ харьцуулаад л хүн болгонтой юуг яаж ярих, ярихгүй байхыг сонгож шийдэх боломж зөвхөн өөрт тань байгаа. Дүргүйцэж байгаа сэтгэлээ дараад түүний өмнөөс инээмсэглэх, ойлголцохгүй байгаа ярианы сэдвээс зайлсхийх, хэрэлдэж маргалдахаас зайлсхийгээд тэрхэн мөчид "тэнэг" юм шиг харагдаад уучлал гуйх зэрэг тийм ч хэцүү биш. Сонгож хийсэн хэрүүл маргаан болгон тань өөрийн тань сэтгэлийг, бас бусдын сэтгэлийг хиртээж байдаг. Сэтгэл нь хиртэй хүнээс сайхан сэтгэл ундарна гэж үү? Хэрүүл маргаанд хэзээ ч "ялагч" байдаггүй, хэзээ ч зөв шийдэл гардаггүй. Сэтгэл дотроо өөрийнхөө тухай бусдын тухай өөртэйгээ учирлан хүүрнэж байх нь зөв шийдвэр гаргахад тань дандаа тусалж байх болно. Амаргүй хэцүү үед ч өөрийгөө сэтгэлдээ аргадан тайвшруулж байх нь дараа нь харамсаад ч барамгүй муу үйлдлээс хамгаалж чаддаг. Чи өөрөө өөрийнхөө эзэн нь, бас энэ ертөнцөд мөнхийн мөнхөд энэ хүмүүстэй хамт байхгүй. Амьдрал их энгийн шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Амаржаргал (103.242.47.246)

    2016-04-30

    Маш сайхан зйүл бичжээ. Үнэндээ хүмүүс хамгийн хайртай хүндээ л хамгийн хатуу ширүүн үгээ хэлдэг.Тэр нь тухайн үедээ мартагдах боловч дараагийн сөргөлдөөний үед юмуу гомдсон үед дандаа сэтгэлд нь байж л байдаг. Иймд хатуу ширүүн үгийг аль болох хэлэхгүй хэн нэгнийгээ гомдоохгүй байх нь хамгийн чухал юм шүү дээ.Дээрхи нийтлэлийг олон хүн уншиж нэгийг бодож сэтгэлдээ тунгаах нь зөв шүү