“Үндэсний бичиг, үсгийн баяр”-ын өдрүүд тохиож байна

 

     Жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг “Үндэсний бичиг, үсгийн баяр”-ын нээлт өнөөдөр Үндэсний номын сангийн Их танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот зарлиг, Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолоор энэ өдрийг жил болгоны тавдугаар сарын эхний Ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалын дагуу энэ жил 12 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

 

Энэ үеэр үндэсний бичиг үсгээ дээдлэн, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан хүмүүст олгодог “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” шагналын эздийг тодруулж, Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ны шилдгүүдийг тодрууллаа.

 

Мөн энэ өдөр хэвлэлийн компаниуд өөрсдийн хэвлэсэн номын дээжээс, бас Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёо ном Үндэсний төв номын санд номын хандив өргөсөн юм.

 

Монгол бичиг үсэг нь хүн төрөлхтний түүхийн урт замд улс үндэстнүүд, ястан угсаатнуудын удаа дараа зохион хэрэглэж, гээж, мартаж, сэргээн шинэчилж ирсэн олон олон бичиг үсгийн дотроос түүхэн нас, хэв хэлбэр, зурлага татлага, байрлалаараа ч давтагдашгүй өвөрмөц юм. Энэ эх хэл бичиг соёлоо үндэсний хэмжээнд сурталчлаад зогсохгүй дэлхийн түвшинд таниулах, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэнд оруулах чухал ач холбогдол бүхий энэхүү арга хэмжээ тавдугаар сарын 2-ны өдрийг хүртэл  "Үндэсний баримтат өвийн дурсгалаас”, "Нүүдэлчин Монголчуудын ном, цаг хугацаа, орон зайгаар аялах нь”, "Монголчуудын бичиг үсгийн дурсгал” сэдэвт үзэсгэлэнгүүд, Уран бичлэгийн үзүүлбэр, Номын худалдаа, "Монголчуудын бичиг үсэг-соёлын баримтат өв болох нь” сэдэвт эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал зэргээр үргэлжилнэ.

 

О.Түвшинзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)