Төмөр зам барихад зориулсан нэг тэрбум ам.долларын зээлийн шугамыг нээлээ

 

Энэтхэгийн гадаад хэргийн асуудал хариуцсан Төрийн сайд В.К. Сингх болон Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчдийн хооронд хэлэлцээ өчигдөр болж, Энэтхэгээс Монголд олгох нэг тэрбум долларын зээлийн шугамыг нээлээ.

 

Өчигдөр болсон хэлэлцээнд Төрийн сайд В.К. Сингх Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг төлөөлөн оролцжээ.

 

Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд "Ерөнхий сайд Нарендра Модигийн Монголд хийсэн айлчлалын үеэр хоёр орны харилцааны түвшинг нэг шатаар ахиулсантай холбоотойгоор хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилтын хүрээнд Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Энэтхэгт айлчилсан юм.

 

Мөн Энэтхэгийн парламентын доод танхимын дарга Сумитра Махаян энэ сарын эхээр Монголд айлчилсан. Ийнхүү хоёр талын удаа дараагийн айлчлалын үр дүнд хамтын ажиллагаа үр өгөөжөө өгч эхэллээ. Үүний нэг жишээ нь хөгжлийн гол салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн асуудал байлаа.

 

Дашрамд сануулахад 2016 оны дөрөвдүгээр сарын 11-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцэн дэмжсэн.Улмаар УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөн Зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарсан.

 

БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээх болсонтой холбогдуулж, уг эх үүсвэрээс санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон санал болгох ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан. Ажлын хэсэг Энэтхэгийн ажлын хэсэгтэй зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулах, зээлийн нөхцөл, Эксим банкны зээлийн журмын талаар хэлэлцэж, зээлийн нөхцөлийг тохиролцсон байна.

 

Ерөнхий нөхцөлд жилийн 1.75 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай байхаар, үндсэн төлбөрөөсөө 5 жил чөлөөлөгдөхөөр тусгажээ.

 

Мөн дэд бүтцийн 200 сая ам.доллараас дээш төсөл, стратегийн ач холбогдол бүхий 100 сая ам.доллараас дээш төслүүдийн хувьд хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байхаар тохиролцжээ.

 

Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхдөө тус мөнгийг төмөр зам барихад хөрөнгө оруулах тухай хэлэлцэж дэмжсэн юм. Энэ үеэр зарим гишүүн “Төмөр зам гэж тусгайлан заахгүй, дэд бүтцийн салбарт гэдгээрээ байя” гэдэг санал гаргаж байсан ч Ч.Хүрэлбаатар тэргүүтэй гишүүд “Энэтхэгийн Засгийн газартай тохиролцсон зарчмаа хатуу барих ёстой. Төмөр замд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн бол энэ тохироон дээрээ манай улс байх ёстой. Засгийн газар яагаад анхнаасаа тохирсон тохиролцоогоо хадгалахгүй байна вэ. Бид тохирооноосоо буцаад байвал Энэтхэг гэлтгүй хөрөнгө оруулагчдад төрүүлэх итгэлээ алдах болно" гэсэн юм. Ийнхүү өнөөдөр БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах шугам нээгдэж уг хөрөнгийг төмөр замын салбарт зарцуулахаар боллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Zochin (84.186.219.130)

    2016-04-30

    Purevsurengiin ajil bishee Ene nuhur tenegteed l teneed l baih yum ulsaa gutaagaad l.Gehdee uhaantai ulsuud toohgui bgaa yum shig bgaan.

  • (103.26.194.52)

    2016-04-29

    төмөр зам барина гээд хэдэн тэрбум доллор аваад бдаг....