Сонгууль ба Намуудын тохироо

 

        Сонгуулийн хуулинд заасны дагуу өнгөрсөн баасан гарагт багтаж улс төрийн нам, эвслүүд ирэх сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өглөө. СЕХ-ны албан мэдээгээр 13 нам, 3 эвсэл сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөр, намын удирдах байгууллагын шийдвэр тэргүүт бичиг баримтаа хүлээлгэн өгсөн байна.

 

Сүүлийн хэдэн сард эрчимтэйгээр яригдаж, энд тэнд өрнөсөн эвсэл болох яриа хэлэлцээрийн үр дүнд “Монголын ногоон нам”, “Тусгаар тогтнол, эв нэгдэл”-ийн намын “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл, Эх орончдын нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”, Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын либерал намын “ХААН сонголт” гэсэн гурван эвсэл энэ удаагийн сонгуульд оролцохоор болжээ.

 

Харин сонгуульд дангаараа оролцох хүсэлтээ МАН, АН, МАХН, Монгол Консерватив нам, Бүгд найрамдах нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Монголын социал демократ нам, Иргэний хөдөлгөөний нам, Иргэний зориг ногоон нам, Хөдөлмөрийн үндэсний нам тус тус ирүүлсэн байна.

 

Тэгвэл МҮАН, Эх орон нам УИХ-ын сонгуульд АН-ыг дэмжинэ гэдгээ СЕХ-нд албан бичгээр мэдэгджээ.

 

Сонгууль 76 мажоритар тойргоор явбал жижиг намуудад ямар ч ашиггүй болох тул намын дарга нар, найдлага хүлээж буй ганц нэг хүнээ аваад АН-аас нэр дэвших тохироотойгоор АН-ыг дэмжиж байна гэсэн мэдээлэл гараад буй. Тодруулбал, Эх орон намаас намын дарга Б.Эрдэнэбат Хөвсгөлд, И.Эрдэнэбаатар нь Ховдод, МҮАН-аас Н.Батцэцэг Өвөрхангайд, М.Сономпил Дарханд нэр дэвших, АН-тай тойрог авах тохироо хийсэн гэх. Тэгвэл ИЗНН-ын дарга С.Оюун, С.Дэмбэрэл нар ч мөн сонгуульд АН-ыг дэмжиж орох нэрээр таван тойрог авах тохироо хийсэн сурагтай.

 

Ийнхүү албан ёсоор эвсээгүй ч албан бусаар эвссэн АН-МҮАН-Эх орон-ИЗНН-ууд нь энэ удаагийн сонгуульд нэгэн субьект болж оролцох нь тодорхой боллоо. Гэсэн ч тойргийн тохироог яаж хийх нь Цэцийн шийдвэрийг УИХ хэрхэн хүлээж авахаас шалтгаалаад сонирхол татсан асуудал хэвээр үлдэх нь.

 

Сонгуулийн өрсөлдөөнд жин дарах болов уу хэмээн олон нийт анхааралтай ажиглаж буй улс төрийн хүчнүүд одоогоор ийм шийдэлд хүрээд байна. Үүнээс гадна УИХ-ын сонгуульд хэзээ ч ялалт байгуулж байгаагүй, гэхдээ сонгуульд идэвхи гарган оролцдог улс төрийн жижиг намууд ч мөн л дор дороо хөдөлгөөнд ороод завгүй байгаа бололтой.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Сонгогч (43.242.243.253)

    2016-05-02

    Дэмжинэ гэдэг нэрийн дор эвсэх нь хуулийг гууль болгож сонгуулийн хуулийг уландаа гишгэж байгаа бусармаг үйл ажиллагаа байна. Тийм учраас Сонгуулийн ерөнхий хороо аль нэг намын нэрсийн жагсаалтанд дэмжих нэрийн дор өөр намын нэр дэвшигч орж ирэх үүд хаалгыг хаах хэрэгтэй. Ёстой нөгөө "Тоон дотор үсэг цохиж явна" гэдэг шиг юм болох нь дээ. АН улс орны амьдралыг жонхуу болгосон. Одоо бас сонгуулийг жонхуу болгохнээ.