Монголын говьд ой мод ургуулж болно

 

-Муу хөрс гэж байдаггүй, муу тархи байдаг хэмээн “Цэнхэр эдийн засаг”-ийн онолыг үндэслэгч тодотголоо-

 

“Цэнхэр эдийн засаг” онол дэвшүүлэгч,   ZERI санг үүсгэн байгуулагч Гюнтер Паули Монголд иржээ. Тэрбээр өчигдөр (2016.05.02) МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш оюутнуудад  цэнхэр эдийн засгийн талаар лекц уншлаа. Гюнтер Паули Бельги улсын иргэн боловч таван тивд ажилладаг нэгэн ажээ. Япон, Колумб, Өмнөд Африк зэрэг улсуудад амьдарч, олон арван шинэ санаачилгыг хэрэгжүүлжээ.  “Дэлхий-Миний гэр” хэмээх үзлийг эрхэмлэдэг тэрбээр экологио хамгаалах замаар эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй хөгжлийг бий болгохын төлөө тэмцэгч юм байна. Дэлхийн дулаарал,  уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зорилтод дэлхий нийтийг нэгтгэсэн Киотогийн хэлэлцээрийг боловсруулж, батлах гарааг тавьсан эдийн засагчийн яриа сонирхолтой байлаа.

 

Байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эхлэлээ тэрбээр дал модны савангаас эхлүүлжээ.  Хог хаягдал гаргадаггүй  савангийн үйлдвэрлэл нь  алсдаа ширэнгэн ойд асар халтайг мэдсэнээсээ хойш уг үйлдвэрээ зогсоож,  байгальд ээлтэй үйлдвэрлэлийн эрэлд мордсон байна. Түүнийг боломж үйлдвэрлэгч ч гэж нэрлэж болохоор санагдсан шүү. Хүүдээ зориулж бүтээсэн хулсан ор  хийж,  түүнийгээ хүр хорхойн түүхий торгоор бүрж түүнээсээ санаа аван, гэрлийн бүрхүүл бүтээжээ. Хулс нь бусад модноос 16 дахин их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг бол үр хорхойн түүхий торгонд вирус , мөөгөнцөр үүсдэггүйгээрээ онцлог ажээ. Хулсаа эртний хятад аргаар гараар сүлждэг бөгөөд ямар ч химийн бодис, төмөр, цавуу оруулаагүй ийм гэрлийн бүрхүүлээ 3000 ам.доллараар үнэлдэг байна. Жилд 5000 ширхгийг борлуулдаг ч түүнээс төдий л ашиг олдоггүй гэдгээ Гюнтер Паули тодотгож байлаа. Мөн экологид ээлтэй хулсан дугуйг үйлдвэрлэж, нэг бүрийг нь 3750 ам.доллараар худалдаалж байгаа гэнэ.

 

Этиоп улсад нэвтрүүлсэн шүүдрийн дусал, ургамлын чийгийг ус болгон хувиргагчийг “Хэлэхэд ч ичмээр энгийн зүйл”  хэмээсэн юм. Говь, талд хуйлран дэгддэг хуй салхитай зүйрлэж болохуйц  эрчилсэн хөдөлгөөнийг ашиглан шөнө буусан чийгийг хадгалж, ус болгон хувиргаж  болно гэдгийг тэрбээр баталжээ. Этиопт хөрсний температур өдөр, шөнө нь эрс ялгаатай. Тиймээс зэрлэг амьтад өглөө нар мандахаас өмнө  идээшилж байгааг ажиглан ус хураагч төхөөрөмжөө санаачилжээ. Төхөөрөмж  ч гэж дээ, ямар ч хөдөлгүүр, технологи байхгүй энэ энгийн ус хуримтлуулагчийг Монголд ашиглах бүрэн боломжтой гэж тэрбээр танилцуулсан.  Мөн Германы Ханновер хотод  байгалийн материал ашиглан байшин бүтээсэн бөгөөд түүнийг нь хамгийн аюулгүй сууц гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрчээ. Газар хөдлөлтөд ч нурахгүй, гал тавьсан ч шатахгүй бөмбөг дэлбэлдэггүй л юм бол тэсээд үлдэх энэ сууцыг ямар ч дээд сургууль төгсөөгүй, инженерийн мэдлэггүй эгэл жирийн иргэд барьж босгосон гэнэ.

 

Өмнөд Африкийн өмнөд хэсэгт орших Зимбабве улсын тухай та бид төдий л мэдэхгүй. Мугабе гэх ерөнхийлөгчтэй,  хөгжил буурай орон гэдгээс цааш мэдлэггүй тус оронд хамгийн зардал багатай, байгальд ээлтэй технологиор бүтээсэн 13 давхар байшин байдгийг ноён Гюнтер онцлов. Тэрхүү байшинг шавж, хорхойн үүр хэлбэрээр бүтээсэн бөгөөд гадаа температур хүйтэн бол дулаан байх, дулаан үед нь сэрүүхэн байх боломжтойгоор бүтээсэн байна. Кофений хаягдлаар мөөг тарьж, Колумбийн хуурай цөлд 20 сая га газарт ой мод тарьж ургуулсан гээд Гюнтер Паули болон түүний багийнхны сэдсэн  шинэ санаа, боломжгүй мэт санагдах зүйлсийг ч боломж  болгож бүтээсэн түүхийг тоолоод баршгүй.

 

Гюнтер Паули багш хүн болохоор хэдэн ч цагаар ярьж чаддаг онцгой чадвартай бөгөөд их сургуулийн багш нар нь түүнийг ажилдаа ормогц ээлж ээлжээр амралтаа авдаг хэмээн хошигнож байлаа. Өчигдрийн лекцид урилгаар оролцсон эдийн засагч Д.Жаргалсайхан болон лекц сонссон хүмүүс цөөнгүй асуултад хариулт хүссэн юм.

 

-Колумбид 20 сая га хуурай цөл газарт ой мод тарьж ургуулсан түүх их сонирхолтой юм. Манай орны говь нутагт тэр туршлагыг хэрэгжүүлж болмоор санагдлаа. Та юү гэж бодож байна?

 

-Хэрвээ би шинжлэх ухааны хүн байсан бол магадгүй гэж хариулах байлаа. Бизнесийн хүн болохоор мэдээж гэж хариулна. Бид үнэхээр хуурай газарт ой мод ургуулж, бүр амьдрал цэцэглүүлсэн юм шүү. Олон жилийн хөдөлмөр л дөө. Мод тарьсан газарт ус бий болдгийг  үзлээ. Одоо тэнд хүн бүрт гурван литр ус үнэгүй өгдөг. Мөн зургаан настнуудад дугуй бэлэглэдэг. Өдөр бүр гурван литр ус ууж, зургаан наснаас эхлэн дугуйгаар зорчиж байгаа болохоор тэнд нээсэн эмнэлгээ хаахад хүрсэн. Яагаад гэвэл эмнэлэгт хэвтэх өвчтөнгүй болсон.

 

Би Монголд ирээд ердөө гурав хонож байна. Тиймээс монголчуудын ашиглаж болох боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлж чадахгүй нь. Гэвч муу хөрс гэж байдаггүй, танай говьд ч ой ургуулж болно. Дахин хэлэхэд муу хөрс гэж байхгүй, муу тархи л гэж байдаг юм. Миний хамгийн түрүүн ажигласнаар Монгол орон элсний баялаг нөөцтэй. Тэгсэн хэр нь олон мянган тонн шил импортлон оруулж ирдэг юм байна. Яагаад шилээ өөрсдөө үйлдвэрлэхгүй байна вэ. Шийдлийг олох л чухал.

 

-Кофений хаягдлаар мөөг ургуулсан туршлага сонирхолтой юм?

 

-Дэлхий нийтээрээ бид жилд 10 сая тонн кофе уудаг. Түүний хаягдлыг зүгээр л орхиж байхын оронд мөөг тарьж ургуулах боломжтойг тогтоосон. Кофег тарьж ургуулаад зарахад нэг тонноос 500 ам.доллар олно. Тэгвэл хаягдлаар нь мөөг тарьж, түүнийг хувцас үйлдвэрлэлд ашиглан  хөргөгчний үнэр дарагч бүтээж, устөрөгч, метаны хийг хадгалагч болгон ашиглаваас нэг тонныг үнэ 3750 евро болон өснө гэсэн үг. Энэ бол боломж.

 

-Таны эдийн засгийн онол яагаад “Цэнхэр эдийн засаг” гэсэн тодотголтой байгаа юм бэ. Ногоон эдийн засаг л гэж сонссоноос цэнхэр гэж сонсож байсангүй?

 

-Та хүсвэл ямар ч өнгөөр тодотгож болно. Байгальд ээлтэй, боломжийг ашиглах эдийн засгийг хөгжүүлэх онол байгаа юм. Ус цэнхэр, тэнгэр цэнхэр, эх дэлхий маань огторгуйгаас цэнхэр өнгөтэй харагддаг болохоор “Цэнхэр эдийн засаг” гэж нэрлэсэн.

 

-Таныг саяхан Хятадад уурхайн хаягдал чулуу ашиглан цаас бүтээсэн гэж сонссон. Чулуунаас цаас гаргах боломжтой гэж үү?

 

-Тийм ээ. Бид уурхайн чулууны үлдэгдлээр цаас  үйлдвэрлэсэн. Энэ бол чулуунаас гаргасан цаас. (Ердийн л нэг зузаан дэвтэр харуулав)  Чулуунаас цаас үйлдвэрлэхэд химийн бодис огт орохгүй. Хүдэр угаасны дараа гардаг шаварлаг хаягдлаар цаас хийж туршсан. Үүнийг Монголд  нэвтрүүлэх бүрэн боломжтой. Мод, ус  орохгүйгээр цаас бүтээж байгаа шинэ үзэгдэл гэлээ.

 

“Цэнхэр эдийн засгийн онол”-ыг санаачлан хэрэгжүүлэгч Гюнтер Паулиг боломж бүтээгч гэж нэрлэмээр санагдлаа. Тэрбээр  лекцэндээ  сүүлийн 10 жилд  хүн төрөлхтөний тархины хэмжээ 20 хувиар буурсныг дурдаад энэ нь нүүдэлчин амьдралаас суурин амьдралд шилжсэнийх хэмээн тодотгосон юм. Нүүдэлчид хамтаар бүгдийг шийдэж, тэр хэрээр хөгжлийн төлөө сэтгэл, зүтгэл гаргадаг бол  суурин газрынхан нисээд  нэг л гэр бүлийн төлөө зүрх сэтгэл, тархи оюунаа зориулж байгаагаас хүн төрөлхтөний тархины хөгжил багасч байна гэсэн юм.

 

Д.Цээпил

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • tarvagandorj (77.22.135.71)

    2016-05-07

    za tenegteed agaj shuurvaa ... buun mungu elsend bulaad haltar zarailaad hozorno shuu ... naad hun chini yahav tiizee uvurtluud irsen hun ,,, hiseedf yavbaa,,, bid elsendee bbuluulaad munguu aldaad hozordiishuu

  • (103.229.178.10)

    2016-05-03

    Говьд ой модтой болчихвол мөн сайхнаа :) мундаг л хүн юм даа, манайхан гадны хүн л гэхээр заавал худлаа ярьдаг мэтээр сохроор хардаж сэрддэг жалга довын үзлээсээ салмаар юм дөө, манай улс төрчид гэхэд яаж худлаа бүлтэрдэг билээ дээ

  • bold (24.24.210.221)

    2016-05-03

    haanaas iim hachin yum garch ireed dongodood bn aa bas.

  • (103.229.121.236)

    2016-05-03

    DAANCH MONGOLCHUUD NI UHEERIIN ZALHUU!!!!!

  • (202.55.191.76)

    2016-05-03

    бизнесмен хүн, бизнес л ярьдаг, тэд энэрэх сэтгэлтэй байх нь ховор л байх даа...