Олон орны морин хуурчид Монголд ирлээ

 

        Морин хуурын олон улсын тавдугаар наадам өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн наадмыг Монголын Урлагийн зөвлөл, Төрийн банк болон бусад мэргэжлийн урлагийн байгууллага хамтран морин хуур хөгжмөөр дамжуулан монгол соёлыг дэлхий дахинд таниулан сурталчлах, ардын уламжлалт ая дан, тоглох арга барилыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулж буй юм. Наадамд Монголын морин хуурчдаас гадна АНУ, ХБНГУ, БНБУ, БНФУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын морин хуурчид, мэргэжлийн чуулга хамтлаг, эрдэмтэн судлаач зэрэг200 гаруй уран бүтээлч оролцоно. Энэ үеэр морин хуурчдын тоглолт болон сургалт, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Зохион байгуулагчид энэ жил наадмын агуулга, цар хүрээг өргөжүүлэн Монгол орны өнцөг булан бүрээс ардын авьяастан хуурчдыг урин оролцуулж, икэл болон морин хуурын нутаг нутгийн онцлогтой ая дан, устаж үгүй болж буй ховор содон хуурын татлагыг олон нийтэд толилуулах, мэргэжлийн хөгжимчид болон хөдөө орон нутгийн соёлын өвийг уламжлагч нарын хооронд туршлага солилцож, урын сангаа харилцан баяжуулах, уламжлан өвлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг дэмжих уулзалтыг энэ баасан гаригт Хөгжим бүжгийн коллежид зохион байгуулна. Наадмын нээлтийн хүндэтгэлийн тоглолт Улсын филармонид өнөөдөр болох ба морин хуурын сор болсон бүтээлийг Морин хуурын чуулга, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Улаанбаатар чуулгын мэргэжлийн морин хуурчид толилуулна. Мөн олон улсын морин хуур сонирхогчид, мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарсан хаалтын тоглолтыг энэ баасан гаригт Улсын филармонид хийхээр болжээ.

 

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)