Жижиг 76-ын төлөөх тэмцэл эхлэв үү

 

        Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар оны өмнөхөн батлагдсан Сонгуулийн тухай хуулийн томоохон заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэх шийдвэрийг гаргасан. Тодруулбал, жагсаалтаар сонгогдож УИХ-ын гишүүн болох нь Үндсэн Хуулийг зөрчсөн байна гэж үзсэн юм. Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж 80.4 хувийн саналаар хүлээн авсан. Нэгэнт УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авсан учир Сонгуулийн хуулинд өөрчлөлт орох нь тодорхой болсон. Энэ дагуу өчигдөр УИХ дахь МАН болон АН бүлгүүд хуралдаж, энэ оны ээлжит сонгуулийг явуулахдаа 76 жижигсгэсэн тойргоор явуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн юм.

 

Энэ шийдвэрийн дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг хуралдаж, дээрх саналыг дэмжин, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгахаар санал нэгдсэн. Хурал дуусмагц оройн 22.05 минутын үед эхэлсэн УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдэд танилцуулсан юм. Танилцуулгаар Сонгуулийн хуулийн тойрог, мандатын тоог “Тус бүр нэг мандаттай, 76 тойрог” гэж өөрчлөх зэргээр танилцууллаа.

 

Энэ талаар З.Баянсэлэнгэ гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Тэрээр 76 тойрог гэснийг 76 хүртэл мандаттай гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Өөрөөр хэлбэл, 76 жижиг тойрог гэж өөрчлөхгүйгээр, 26 тойрогтой хэвээр байх нь бие даагчид, парламентад суудалгүй намуудын эрх ашгийг бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол дахиад Үндсэн хуулийн цэц дээр очих вий гэж болгоомжилж буйгаа хэллээ.Түүний зарчмын зөрүүтэй саналыг О.Баасанхүү гишүүн дэмжиж буйгаа илэрхийлсэн.

 

Ингээд дэгийн дагуу эхлээд “Сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь хэлэлцэхийг дэмжье” гэсэн санал гаргаж, 16-аас 15 гишүүн дэмжлээ. Дараа нь З.Баянсэлэнгэ гишүүний зарчмын зөрүүтэй саналын дагуу санал хураалгахад гишүүдийн олонхи нь дэмжээгүй юм. 

 

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсанаар тойргийн тоог 76 болгож өөрчлөх аж. Мөн намуудын нэр дэвшүүлэх үйл ажиллагааг тавдугаар сарын 23-наас эхлүүлж, тав хоногийн дотор дуусгах зэрэг өөрчлөлтүүд орох юм байна. 

 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гарч байгаа болохыг УИХ-ын дарга З.Энхболд албан ёсоор танилцуулсаны зэрэгцээ бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсныг мэдэгдэв. Учир нь парламент дахь бүлэг 8 хүртэл тооны гишүүнтэй байх ёстой ба тус бүлгийн гишүүний тоо уг тооны хязгаарт хүрэхгүй болсон тул ийнхүү үйл ажиллагаа нь зогсож байгаа юм.

 

Эвслийн бүлэг задарсанаар,Засгийн газрын эрх зүйн чадамжид нөлөөлж болзошгүй гэсэн мэдээлэлд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өчигдөр тайлбар хийсэн юм. Тэрээр, “Энэ бол хоёр өөр асуудал. Засгийн газрыг бүрдүүлэх асуудал бол УИХ-ын сонгуульд оролцсон субъектүүдийн хооронд яригддаг. Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намын хооронд байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа. Сонгуульд оролцсон субъектүүдийн хувьд  Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намд өөрчлөлт ороогүй учраас Засгийн газрын үйл ажиллагаа, чадамжийн хувьд ямар ч асуудал гарахгүй. Сонгуульд оролцсон субъектээрээ асуудал тайлбарлагдах учраас Засгийн газар эрх зүйн чадамжтай.

 

Хоёр дахь асуудал бол УИХ-ын хуультай холбоотой асуудал. УИХ-д 8-аас дээш гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулах хууль зүйн зохицуулалттай. “Шударга ёс” эвслийн бүлэг анх 11 гишүүнтэй байсан. Үйл явцын дунд тухайн эвслээс таван гишүүн гарч өөр намд орсон учраас “Шударга ёс” эвслийг төлөөлж УИХ-д 6 гишүүн үлдсэн. Тиймээс бүлэгтэй байх чадамжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл цаашид “Шударга  ёс” эвслээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон гишүүд бүлэггүй гэж ойлгож болно. Эвслийн бүлэггүй болж байгаа ч “Шударга ёс” эвслийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа учраас Засгийн газрын чадамжид ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох, УИХ-ын бүлэгтэй байх нь хоёр өөр асуудал. Тиймээс Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эрх зүйн чадамжтай” гэжээ.

 

УИХ-ын ээлжит чуулган өндөрлөж, Парламент жижиг 76 тойрог бүхий сонгуулийн хуулийг баталлаа. Ингээд сонгуулийн тухай хууль нэгэнт тодорхой болсон тул одоо жижиг 76-ын төлөөх тэмцэл л үлдлээ.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)