Г.Ариунгэрэл: Хүүхдийн зуслангууд ирэх сарын 8-нд эхний ээлжээ авна

 

        Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Ариунгэрэлээс хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны талаар тодрууллаа.

 

-Хүүхдийн зуслангууд хэзээнээс үйл ажиллагаагаа эхлүүлэх вэ?

 

-Энэ жил хүүхдийн 24 зуслан үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Зарим зуслан зургадугаар сарын 8-нд эхний ээлжийн хүүхдүүдийг хүлээж авах саналаа ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шалгалтад тэнцсэн зуслангууд үйл ажил лагаагаа эхлүүлэх боломжтой. Шалгалтыг ирэх сарын 3-наас хийх байх.

 

-Зуслангийн төлбөр хэд байх вэ?

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үнийн саналыг гаргадаг. Одоогоор хараахан батлаагүй байна. Ерөнхийдөө зуслангийн нэг өдрийн дундаж үнэ 23-25 мянга байхаар төлөвлөсөн. Нэг ээлж долоо хоногтой, дунд жаар 160-165 мянган төгрөгийн төлбөртэй байдаг.

 

-Хотод ойр ямар зуслан байдаг юм бэ?

 

-Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт хамгийн ойрхон зуслангууд байдаг. Мөн нийслэл хотоос хүүхэд авдаг зуслан Төв аймагт л бий. Энэ жил Сонгинохайрхан дүүрэгт дөрвөн зуслан байгуулж, хүүхэд авахад бэлэн болсон. Өнгөрсөн жил 20 зуслан үйл ажиллагаа явуулж, 18 мянга орчим хүүхэд амарсан.

 

-Танай байгууллагаас зөвшөөрөл авсан зуслангуудын онцлог юу вэ?

 

-Англи хэлний вакумжуулсан гэдэг статустай газар нь сургалтын төвүүд байдаг. Манайхаас зөвшөөрөл авдаг газрууд нь яг хүүхдийн зуслан юм. Тухайн хүүхдийг ам раах, хөгжүүлэх чиглэлээр тодор-хой хэмжээнд англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх талд анхаарсан хөгжлийн хөтөлбөртэй. Хүүхэд зуны гурван сараас бусад хугацаанд вакум орчинд суралцдаг. Тиймээс зуслангууд хүүхдүүдийг амраах хэрэгтэй гэдэг үүднээс тайван, хөгжилтэй байлгахад анхаардаг. Манайхаас зөвшөөрөл авдаг “Чухаг” хөл бөмбөгийн сургалттай зуслангаас гадна “Хөгжилтэй англи хэл” зуслан нь англи хэлний албан ёсны сургалт явуулдаг.

 

-Халдварт өвчний дэгдэлттэй холбоотойгоор зуслангийн үйл ажиллагааг хойшлуулах уу?

 

-Улаанбурхан болон бусад халдварт өвчний дэгдэлттэй холбоотойгоор нийслэлийн Эрүүл мэндийн болон Мэргэжлийн хяналтын газартай хамтраад зуслангийн эмч нарт энэ сарын сүүлчээр сургалт зохион байгуулна. Одоогоор зуслангийн үйл ажиллагааг хойшлуулна гэсэн тодорхой зүйл яриагүй байна. Өнгөрсөн жил зургадугаар сарын 20-ныг хүртэл хойшлуулж байсан. Ерөнхийдөө зуны улиралд зуслангууд найман ээлж авахаар төлөвлөдөг. Энэ жил наймдугаар сарын 15-ныг хүртэл үйл ажиллагаагаа явуулна гэж төлөвлөсөн. Гэхдээ хүүхэд хамрагдалтын тооноос хамаараад хугацааг наашлуулж магадгүй.

 

-Зуслангийн албан ёсны нээлтийг хэзээ хийх вэ?

 

-Нэгдсэн нээлтийн үйл ажиллагааг манайхаас жил бүр зохион байгуулдаг. Нээлтийг энэ сарын 7, 8-нд “Хөгжлийн харандаа экспо”-той хамт хийнэ. Нийслэлийн Гэр бүл хөгжлийн газраас хоёр дахь жилдээ “Хөгжлийн харандаа экспо”-г зохион байгуулна. Эцэг, эхчүүд зуны улиралд хүүхдээ хөгжүүлэх талд их анхаардаг болжээ. Тэдэнд туслах зорилгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх зуслан, олон улсын байгууллага, Хувь хүний хөгжлийн төв мэтчилэн хүүхдийн чиглэлээр ажилладаг байгууллага экспод оролцоно. Мөн сэтгэлзүйчдийн баг ажиллана. Өөрийнхөө хүүхдийн сэтгэлзүйн онцлог, сонирхлыг тодорхойлуулж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах боломжтой. Өнгөрсөн жилийн өдөрлөгт 40 орчим байгууллага оролцож, 6000 хүүхэд хамруулсан маш үр дүнтэй арга хэмжээ болж байсан.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)