НИТХ-ын сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл хүсэлт ирүүлжээ

 

Нийслэлийн сонгуулийн хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан болж, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцох нам, эвслүүдийн бүртгэлийн дүн мэдээллийг танилцууллаа.

 

Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлд намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ гэж заасан байдаг. Энэхүү заалтын дагуу нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл хүсэлтээ илэрхийлж, нийслэлийн Сонгуулийн хороонд хуульд заасан хугацаанд ирүүллээ.


Үүнд:

 

Нийслэлийн Ардчилсан нам

Нийслэлийн Монгол Ардын нам

Нийслэлийн Монгол ардын Хувьсгалт нам

Монголын ардчилсан хөдөлгөөний нам

Нийслэлийн Бүгд найрамдах нам

Ард түмнээ хайрлая нам

Нийслэлийн Монголын уламжлалын нэгдсэн нам

Монголын Социал демократ нам

Хөгжлийн хөтөлбөр нам

Монгол консерватив нам

Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”

Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Монголын ногоон намын “Нэгдмэл Монгол” эвсэл

Хөдөлмөрийн үндэсний нам

Иргэний зориг ногоон нам

Иргэний хөдөлгөөний нам

 

Сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа өчигдрөөс буюу энэ сарын 05-наас эхэлсэн. Тиймээс Нийслэлийн сонгуулийн хорооноос улс төрийн нам, эвслүүдэд нэр дэвшигчээ сонгохдоо хууль тогтоомжид заасан шаардлагыг мөрдөж ажиллахыг хүсч, зөвлөмж хүргүүллээ. Зөвлөмжид “...Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу нийслэлд өөрийн салбартай нам нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох эрхтэй бөгөөд мөн тус хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасны дагуу намаас нэр дэвшүүлэх асуудлыг нийслэл дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэх ёстойг онцгойлон сануулж, Сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан журам, шаардлагыг мөрдөж ажиллахыг зөвлөж байна” гэв.


Нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлж, нийслэлийн сонгуулийн хороонд ирүүлнэ. Үүнд :

 

Нэр дэвшүүлсэн тухай шийдвэр

Нэр дэвшигчийн жагсаалт

Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл

Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг / сүүлийн бүтэн нэг жилийн /

Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг

Нэр дэвшигчийн намтар

 

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар байна.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)