”Оюутолгой” компани 3000 монгол ажилтан авна

 

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай 5.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг “Рио Тинто” групп баталсныг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг уурхайг 2027 оноос эхлэн бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх бөгөөд жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн урьдчилсан тооцоог гаргаад байгаа аж. Улмаар зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийн хэмжээнд зэсийн хамгийн том таван уурхайн нэг болно гэж үзэж байгаагаа “Рио Тинто” групп мэдэгдлээ.

 

Уг төслийг ийнхүү баталсныг тэмдэглэж өчигдөр /05.08/ Өмнөговь аймаг дахь “Оюутолгой” төслийн талбайд "Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын гараа" арга хэмжээг зохион байгууллаа. Уурхайн бүтээн байгуулалтад 4-5 жил шаардагдах учраас ирэх зургаадугаар сараас эхлэн “Оюутолгой” компани ажиллах хүчээ нэмэгдүүлж, 3000 гаруй монгол ажилчин шалгаруулж авахаар болсноо зарлалаа.

 

Монгол Улсын хувьд “Оюутолгой нь хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт юм. Уг уурхай нь Монголын уналтад ороод байгаа эдийн засгийг дэмжих хамгийн ойрын боломж байх болно” хэмээн “Ройтерс” агентлаг дурдсан байна. Зэсийн үнэ сүүлийн долоон жилийн байдлаар хамгийн доод үнэд хүрсэн ч, “Рио Тинто” групп гүний уурхай нээлтээ хиймэгц асуудал нааштайгаар өөрчлөгдөн гэж компанийн удирдлагууд үзэж байна.

 

“Оюутолгой” компанийн 66 хувийг “Turquoise Hill” компани эзэмшдэг бол үлдсэн 34 хувь нь Монголын Засгийн газрын эзэмшилд багтдаг юм.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)