Шулам төрхтэй АН

 

        Өнгөрсөн пүрэв гаригт Монголын улс төрд  үзэгдээгүй юм болов. Эрх барьж буй нам сонгуулийн тойрог, мандат хуваарилалтыг хэлэлцэхдээ яавал АН ялж, яавал МАН-ыг унагах вэ гэдэг зарчим барьсан нь парламент ёсны түүхэнд үзэгдээгүй юм болсон хэрэг. Үнэндээ энэ бол Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авах оролдлого байсан гэвэл маргах хүн гарахгүй биз. 76 мянган хүн амтай Хэнтийд гурван мандат хуваарилсан атлаа хүн амын тоогоор бараг зөрүүгүй  Говь-Алтай, Булганд ганц мандат хуваарилсан нь МАН гарах магадлал өндөр гэж тооцсоных.  Үүнийг шууд  утгаараа сонгогчдын эрхэд халдсан гэмт хэрэг ч гэж хэлж болох. Эрх барьж буй намын бүлгийг ахалж байгаа эрхэм энэ үйлдлээ “Би  Хэнтийд мандат нэмсэн, тэгээд яах юм” гэж тайлбарлан пээдэлзэж суух. Ёстой нөгөө хүчтэй нь хүчгүйгээ барьж иднэ гэдэг энэ ажээ.Уг нь хүний амьтнаас ялгардаг чанар нь оюун ухаан. Ухаант хүн хуулийн дор амьдардаг. Хэн ч бай хуульд захирагдах л  учиртай. АН-ын бүлгийн дарга ийнхүү чуулганы индрээс  цээж  дэлдсэн нь хууль гууль болсныг бүрэн илтгэнэ.  Болоогүй,  Хэнтийд мандат нэмснээ тэрбээр “Чингис  хааны өлгий нутаг” гэж тайлбарласан нь сошиал орчинд трэнд үгээр тодроод байна. Гэхдээ мэдээж сайны бишээ биш шүү дээ. Золтой л “Чингис хаан миний өвөө учраас” гэчихсэнгүй. Ингэж тэрбээр түүхэн хүмүүсийн нэрийг  барьж Чингис хааныг  ганц аймгийнх болгон өмчлөх нь тэр. Түүний энэ увайгүй үйлдэлд УИХ-ын туршлагатай парламентч  Д.Лүндээжанцан”Үнэнд гүйцэгдээд ирэхээрээ өвөөгийн нэрийг барьж байгаа юм. Өр зээл тавихдаа өвөөгийн нэрийг барьсан. Одоо бүр мандат авахдаа хүртэл өвөөгийн  нэрийг барилаа. Сонгуулийн хууль бол ард түмний эрх ашиг байх ёстой. Гэтэл энэ байдлаар зөвхөн Б.Гарамгайбаатар, эсвэл АН-ын эрх ашиг болчихоод байна” гэхэв.

 

Тойрог, мандатыг ингэж эцэслэв

 

УИХ-ын 76 бүтэн өдрийн турш хэрүүлийн “алим” шидэлцсэний эцэст Сонгуулийн хуулийг хугацаанд нь багтаан эцэслэлээ. Үндсэн хуулийн Цэцээс жагсаалтыг хассанаар тойрог, мандатыг өөрчлөн батлах шаардлага үүссэн юм. Ингэснээр  сонгууль болохоос 45 хоногийн өмнө сонгуулийн тойрог, мандатын тоог эцэслэн тогтооно гэсний дагуу өөрчлөн батлав. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт нэгдсэн чуулганы цагийг сунган хуралдаж  Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо,  төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг хэлэлцэн, гишүүдийн 61 хувийн саналаар дэмжиж баталлаа. Ингэснээр  сонгуулийн 76 мандатын 48-ыг орон нутагт, 28-ыг нийслэлд хуваарилсан юм. Харин Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар  аймгийг нэг, Дорнод, Завхан, Өмнөговийг хоёр, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгийг гурван мандаттай байхаар баталлаа. Нийслэлд Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн  сонгуулийн тойрогттой нэгтгэж, Баганхангайг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт, Налайх дүүргийг Чингэлтэйн 63 дугаар тойрогтой нэгтгэж тус бүр  дөрөв, Баянгол дүүргийг мөн  дөрөв, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг зургаан мандаттай болгов. СЕХ-ноос хоёр мандаттай байхаар оруулж ирсэн Сүхбаатараас нэгийг хассан нь багагүй шүүмжлэл дагуулсан. Түүнчлэн эрх баригч намын бүлгийн дарга хүч түрж, Чингисийн нэрийг барьж, мандатаа нэмсэнд Сүхбаатар, Дорнодынхон ч Сүхбаатар жанжин, Маршал Чойбалсан  нарыгаа ярьж барьцах шаардлага үүсгэж байна хэмээн багагүй шүүмжилсэн. Гэсэн ч эрх баригчид хүч түрэн баталсан. Цаашлаад хотоос алслагдсан дүүргийн иргэдийг хүний тооноос хасч, бусад дүүрэгт хуваарилсан нь олон гишүүний эгдүүг хүргэсэн. Уг нь СЕХ Багануур, Багахангай, Налайхад нэг мандат олгох санал оруулж ирсэн ч АН-ын нэр бүхий гишүүдийн саналаар хэдэн хэсэг болгон хуваасан юм. Уг нь Налайх, Багануурыг нийслэлийн дагуур хот болгосон. Гэтэл эрх баригчид хэдхэн сарын өмнө нэг гараараа гаргасан шийдвэрээ нөгөө гараараа үгүйсгэж, бүхэл бүтэн хотын статустай Налайх, Багануурыг бусад дүүрэгт хувааж орхив. Эрх баригчдыг энэ хүч түрсэн байдлыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ийм утгагүй байж болохгүй.  Өөртөө зориулж төрийг хувьчилж болохгүй. АН-ын бүлгийн хурлаас гаргасан саналаар  жижиг гурван дүүргийг үсэргэх гэж байна. Налайх дүүрэг Сүхбаатар дүүрэгт Багахангай Чингэлтэйд  үсрээд Багануур Хан-Уул дүүрэг рүү үсэргэчихлээ. Одоо байтлаа дүүрэг үсэргэдэг болох нь. Та нар ингэж төрөөр тоглодгоо больчих. Ил цагаандаа гарсан дээрэм тонуул явж байна” гэсэн  юм. Үнэхээр ч түүний хэлснээр АН-ынхан ялалт байгуулах магадлал байхгүй гэж тооцсоноор дээрх гурван дүүргийг ийнхүү тэнүүлэв. Үндсэндээ алслагдсан дүүргийн  иргэдийг төрд төлөөлөх хүн байх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шогийн хуваарилалтыг ингэж  шүүмжлэв

 

МАН-ын дарга М.Энхболд:- СЕХ өргөн барьсан асуудлаа танихаа байсан. Зөвшилцөл нэртэй тулгалт хийсэн. Тойргийн нутаг дэвсгэр, хүн амын тоо, засаг захиргааны нэгжийг харгалзаж, хуваарилалт хийх ёстой. Гэтэл та нарын оруулж ирсэн хуваарилалт жишээ нь хоёр тойрог хоорондоо 6000 хүний зөрүүтэй. Бас нэг нь нутаг дэвсгэрийнхээ 86 хувиас, нөгөө нь 10 гаруй хувиас  сонгогддог юм байна. Ингэж нутаг дэвсгэр, хүн амын тооны харьцааг алдагдуулж байна. Хэнтий аймгийн асуудлыг их ярьж байна. Аргагүй шүү дээ. Эзэн богдын төрсөн нутаг учраас гэх. Гэтэл хасч байгаа тойрог нь Сүхбаатар аймаг. Ардын хувьсгалыг эхлүүлсэн хүний өлгий нутаг болохоор хасч байгаа юм уу. Та нар орон нутгийг ялгаварлан гадуурхахаа боль. Нэгэнт аймаг гэсэн статустй л юм бол бүгдийг нь адилхан хоёр мандаттай болгох ёстой. Та нар өнөөдөр ард түмнийг дэмжинэ, дэмжихгүй гээд хоёр хуваачихлаа. Үнэн хэрэгтээ ард түмэн бүгд амьдрал нь муудсан учраас та нарт дургүй байгаа шүү.  

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:- “Дөрвөн жил мордохын хазгай болсон. Хазгай явсаар байгаад булгиж, хадуурдаг, амаа мэдэхгүй морин дээр ард түмэн дөрвөн жил тэсэхгүй байна. Улаанбаатарын тойргийг хар. Багануурыг хаа байсан Сүхбаатар дүүрэгт, Налайхыг Чингэлтэй рүү шидчихлээ. Ийм тойргоос гарч ирсэн гишүүн дараа нь яаж нэгдсэн бодлого явуулах юм. Үүгээрээ та бүхэн ард түмний төлөө зүтгэх, ажиллах  ямар ч чадавхгүй улс төрийн хүчин байсан гэдгээ сүүлийн удаа нотоллоо. Дараа нь Увс аймгийг хар. Бүр арай дэндүү. Яагаад ингэж хийж байна вэ гэхээр “Ингэж хийвэл надад ашигтай” гэж нэг хүн нь хэлсэн байна л даа. Ингэж хийсэн бүхэн эсрэгээрээ болдог юм шүү. СЕХ-ноос оруулж ирсэн санал дээр АН-ынхан ерөөсөө л бурхай луйвар хийе, өөрсдөдөө таалагдсан байдлаар тойрог, мандатыг хуваарилъя гэж хандсан. Шударга өрсөлдөөнөөс айсан. Гүйж өрсөлдөх гэж байгаа бол дэгээдэж унагаад түрүүлчихье гэх байдлаар арга ядаж байгаад  харамсч байна.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:- Та нар сүүлийн дөрвөн жилд эдийн  засгийг санаатай дампууруулсан. Ард түмнийг мөнгөгүй болгож, өөрсдөө бондын мөнгийг хувааж идсэн. Одоо болохоор сонгуулийг луйвардана гэж бодож байх шиг байна. Та нарын энэ үйлдлийг ард түмэн сонгогчид харж байгаа. Бид сонгогчдын эрх ашгийг дээдэлж, хэдхэн зарчим л ярьсан. Хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжээ харж шийдээрэй л гэсэн. СЕХ-ноос оруулж ирсэн санал бас ч гайгүй. Гэтэл өнгөрсөн шөнө хуралдаад Г.Батхүү, З.Энхболд  хоёрын бие юм шиг юм хийчихлээ. Сонгуулийн хууль сонгогчдын эрх ашгийг л дээдлэх ёстой. Хэсэг улстөрч, нэг намын эрх ашигт нийцүүлэх гэж их оролдож байна. Хар машинаар луйвардахгүй л юм бол та нар энэ удаад ялж чадахгүй шүү. Монголын сонгогчид хэрсүү, ухаалаг болсон. Өнөөдөр хэн нь ямар байдалтай хүч түрж байгааг харж байгаа. Үүний цаана Монголын төр хүчгүйдэж, та нараас болоод Монголын төр муухай харагдаж байгаад л харамсч байна.

 

УИХ-ын  гишүүн Ё.Отгонбаяр:- Энэ болж байгаа процесс сонгогчийн сонгох эрхэд халдаж, Үндсэн хуулийг илтэд бүдүүлгээр зөрчсөн үйлдэл боллоо.  Тааллаарай тойрог  хувааж байгаа нь нэг талаас ард түмнээсээ зугтаж байна. Нөгөө талаас ард түмнийхээ сонголтыг өмнөөс нь хийж байна шүү дээ. Та нарын хуваасан тойрогт чинь та нарыг сонгоно гэж яаж мэдээд байгаа юм. Өмнөговь аймгаас Булган аймаг хүн ам, сумаараа  бүх зүйлээрээ илүү. Гэтэл Өмнөговьд хоёр мандат, Булганд нэг мандат байгаа нь ямар учиртай юм. Ганц Булган ч биш Өвөрхангайг хар. Говь-Алтай бас хохирч байна. Та нар ард түмний  сонгох эрхэд ийм аймшигтайгаар халдаж болохгүй. Дөрвөн жил төрийг самарлаа. Эх орноо, эдийн засгийг самарлаа. Одоо энэ сонгуулийг самрах нь. Ийм нөхцөл байдал үүсч байгаа учраас би энэ санал хураалтад оролцохгүйгээ мэдэгдье.

 

 УИХ-ын гишүүн Ц.Дашдорж:- Говь-Алтай аймаг 56000 хүн амтай. ТББХ-ноос оруулж ирснийг харвал зарим тойрогт нэг мандатын ард хэчнээн хүн байна вэ гэвэл бүгдээрээ Булган, Говь-Алтай хоёрын дараа орж байгаа. Жижигхэн, хил, хязгаарын аймгуудаа, дэд бүтэц нь ахиагүй, хүн тав тухтай амьдрах бодит орчин бүрдээгүй байгаа аймгуудаа эзэнгүйдүүлж болохгүй. Тийм учраас энэ жижиг аймгууддаа нэг нэг мандат нэмээд өгөөч гэж санал хураалгасан. Харамсалтай нь АН-ын нөхдүүд маань саналаар түрээд явчихлаа. Үнэхээр л түүхэн уламжлал, нутаг дэвсгэр, хүн амын тоогоор нь мандатыг зохион байгуулах юм бол Говь-Алтай яах аргагүй хоёр мандаттай болох ёстой. Гэтэл Хэнтий яагаад гурав байгаа юм. АН-ын бүлгийн даргын тойрог болохоор гурав болж байгаа юм уу.  

 

“Мөнгөн молиго”

 

Сонгуулийн жил дуусахтай зэрэгцэн эрх баригчдын шулам  зан дэлгэсэн хадаг шиг ил болж эхэллээ. Уг нь тэд өнгөрсөн хугацаанд энэ зангаа чамгүй нуусан ч эрх ашгийн асуудал ярихад дэлгэж орхив. Парламентад  хамгийн олон жил суусан, туршлагатай хуульч, парламентч Ц.Нямдорж тэднийг ийм адал балмад загнаж байгааг  хэлж, эрх баригчид ил цагаандаа гарсан дээрэм  хийж байгааг ч  тодотгосон.  АН-ынхан  дөрвөн жил дотооддоо алалцаж, фракци бүлэглэлийнхээ хүлээсэнд  явж ирснээ мартчихсан тойрог, мандат хуваарилах асуудалд жигтэйхэн цул болж ирсэн. Ямар сайндаа л эрх баригч хүчин ийм олуулаа зэрэгцэн суухыг харсан Я.Содбаатар гишүүн “Та нар хэзээ ийм эвтэй болчихсон юм” гэхэв. Нээрэн л АН-ынхан хэзээ ийм эвтэй байлаа. Гадна төрх нь эвтэй харагдавч дотооддоо тэдний зодоон өнөөдөр ч үргэлжилж байгаад эргэлзэх зүйлгүй. Учир нь АН-ынханд мөнхийн эрх ашиг л гэж байснаас мөнхийн найрамдал гэж хэзээ ч байгаагүй. Магадгүй цаашид байхгүй биз. Гагцхүү  бүхэл бүтэн 12 жилийн дараа төрийн эрх барих хэмжээний суудал авсан энэ үедээ шулам зангаа ил гаргаад ч болов  тойрог, мандатыг хэрхэн яаж хуваавал АН ялах вэ гэдгийг ширээний ард  бөөнөөрөө сууж байгаад зурсан нь тэднийг ийнхүү  анх удаа эвтэй харагдуулсан хэрэг.  Харин шулам төрхийн тухай Ц.Нямдорж гишүүн хэрхэн өгүүлснийг хүргэхэд “АН эргэж уулзахгүй юм шиг балмад үйлдэл гаргаж байгаад харамсч байна. Хүний мөсөө ил гаргаж,  хэн болохоо  сүүлчийн удаа маш тодорхой илчилж байгаад талархаж байна. Тойргоо хэрчиж аваад ялалт байгуулна гэж бодож байгаа бол хэзээ ч  тийм юм байхгүй.  “Мөнгөн молиго” амсуулаад гарна гэж бодож байгаа бол  их санасан газар есөн шөнө хоосон гэж үг бий шүү. Яах гэж ийм юм хийж байгаа юм бэ. Та нарт ичих булчирхай алга уу. Та нар шулам төрхтэй болж байна. Яагаад 76 мянган хүн амтай аймагт Б.Гарамгайбаатар зориулж нэг тойрог нэмдэг билээ. Б.Гарамгайбаатар чамд унах өвчин бэлэн байна. Чи уна. Танайхаас олон хүн амтай аймаг хоёр мандаттай байхад яагаад цөөн хүн амтай Хэнтийд нэг мандат нэмэх ёстой юм. Энэ чинь ариун явдал мөн үү. Би та нарт баярлаж байна. Ард түмэн та нарыг зургадугаар сарын 29-нд дийлнэ. Энэ муухай талцал, хуйвалдаан, худал хуурмаг явдлыг чинь ард түмэн мэдэрч байгаа шүү”.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • zochin (139.5.217.106)

    2016-05-16

    90-onooos xoish An-d sanalaa ogson odoo ARDIIN namdaa ognoo. arai zangaragtai yum baina

  • irgen (43.228.130.243)

    2016-05-16

    songohgui AN ig

  • (202.179.26.53)

    2016-05-16

    МАН тойрог хуваарилах тухай Их хурлын тогтоолыг баталж санал өгсөн УИХ-ын гишүүдийн нэрийг ил тод зарлах хэрэгтэй. Хэн хэн ард түмний сонгох эрхэнд халдан доромжилсныг сонгогч түмэн мэдэж байг. Тэгээд чин шударгаар тооцоо хийг.

  • (103.212.118.40)

    2016-05-16

    AH-d sanal ugukhgui ee

  • Сонгогч (202.179.26.53)

    2016-05-16

    Говь-Алтайн тойргийг аймгийн АН-ын дарга, Засаг дарга О.Амгаланбаатарын саналаар ганц болгосон. Ганцаараа нэр дэвших түүний сонирхол, З.Энхболдын Элбэгдоржийн хүнийг шахах бодлого хоёр давхацсан гэнэ. 2 байвал нэгийг нь алдах гээд байна гэж дарга нараасаа учирлан гуйжээ. Сүхбаатар хоёр болбол нэгийг нь алдахаас бас айсан гэнэ. Ямар ч байсан Гарамгайбаатар гэдэг гарамгай хулгайчийг хэзээ ч битгий сонгоорой. Баруун аймгуудын замын мөнгийг зүүн аймагт төвлөрүүлэн өөрөө идсэн хулгайч.

  • (150.129.142.253)

    2016-05-16

    сөрөг хүчин нь дэндүү сул. тэгээд ан- ы луйварчидыг бүр давруулж бна. өөрсдөө но-той болохоор хөдөлж чадахгүй бна даа.