Оффшорчдын “балаг” энэ сонгуулиар дуусгавар болох уу

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс улс орнуудын оффшор данстай улс төрчдийг зарласан. Оффшор данстнуудын дотор манай 49 иргэний нэр олон нийтэд ил болсон нь саяхныг хүртэл олны анхаарлын төвд байлаа. Энэ асуудал одоо ч намжаагүй байна.

 

Оффшор гэж юу вэ? ямар аргаар хэрхэн олсон хэний мөнгийг хэн тэнд хадгалдаг гээд  олон ээдрээтэй асуудлын гогцоог тайлж олон нийтэд ил болгосон  нэвтрүүлэг саяхан олны хүртээл болсон нь цензургүй багийнхны сурвалжилсан “Оффшор эзэмшигчдийн мөрөөр” нэвтрүүлэг байсан юм.

 

Нэвтрүүлгээр олон эрхэм оффшор дансны талаар болоод оффшор бүсэд данстай эсэх талаараа үнэнээ өчив. Тэдний дундаас олны анхаарлыг татсан нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын оффшорын талаарх яриа байсан юм. Тэрээр, “Би оффшор данс эзэмшигчдийн эсрэг байр суурьтай байна. Манай нам оффшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Бусад намыг ч бас ингээсэй гэж уриалъя. Тиймээс С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй" гэх яриа юм.

 

Мөн Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хүү болох Б.Чулуудайнхаа оффшор данстай гэж зарлагдсан талаарх өгсөн тайлбар ч багагүй сенсацийг дэгдээгээд амжив. Тэрбээр, Би Чулуудайн өдөр тутмын амьдралыг мөшгөөд байдаггүй. Ямар бизнес хийж байна гэж шалгаад байдаггүй. Тэр хүн Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхээ эдлээд явж байгаа. Хуулийн хүрээнд л бүх үйл ажиллагаагаа явуулж байгаа…  Чулуудайн дансаар нэг мөнгөний гүйлгээ хийсэн байдаг юм бол чиний хэлснээр заавал их мөнгө гэх албагүй, үнэхээр Чулуудайн хэлсэн “оффшор компани байгуулаад данс нээж амжилгүй хаагдсан” гэдэг нь худлаа байгаад, тэр дансаар ямар нэгэн гүйлгээ хийгдсэн байвал, тэр мөнгөний дүнгээс хамаарахгүйгээр би шууд чөлөөлөгдөх хүсэлтээ тавина. Огцрох хүсэлтээ өөрөө гаргана” гэсэн яриа байлаа. Сэтгүүлч тодруулан, Та хэрэв тийм байвал огцрохоос гадна дахин нэр давшихгүй байж чадах уу? гэх асуултад тэрээр, “чадна, үнэхээр чадна” хэмээн хариулав. Улс төрчдийн амыг сонссон, оффшорын үнэн мөнийг хайсан, үр дүнд ч хүрсэн нэвтрүүлэг болж чадсан гэдгийг энд хэлэх нь зүйтэй.

 

За ямартай ч энэ удаагийн сонгуульд АН-ын бүлгээс С.Баярцогт нэр дэвшихгүй бололтой. Хэрэв Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай их бага хэмжээн үл хамаарч оффшор бүсэд ямар нэгэн гүйлгээ хийсэн байвал Хотын даргын суудал эзгүйрнэ гэдгийг өөрийнх нь амнаас сонслоо.

 

Харин бусад намуудын тухайд оффшор бүсэд данстай хэмээн зарлагдсан эрхмүүдээ хэрхэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тэгвэл энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар оффшорын эсрэг хуулийг хэлэлцэнэ. Үр дүнд хүрээсэй хэмээн найдая. Эргийн гадуурх буюу хуулиас гадуур их хэмжээний мөнгө нуун далдалдаг энэ асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах цаг ирснийг нийгэм болоод дэлхий өөрөө зарлалаа. Бид сэхээрэх цаг ирэв.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (202.9.41.244)

    2016-05-23

    Толгойг нь илээд байвал улам л гаарна.

  • АВЛИГАЧДЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАЯ (103.229.123.11)

    2016-05-23

    авлигачид байгаа цагт офшор данс баЙХ Л БОЛНО.

  • (59.153.113.162)

    2016-05-23

    МАН НАМ ЗАЙЛГААЦГАА

  • (202.9.40.29)

    2016-05-23

    АН-ынхан бүгдээрээ зайлцгаа.