Ш.Энхтайван: Хүссэн хүн бүрийн машины толийг кодолно

 

        Автомашины эд ангийг хулгайд алдахаас сэргийлэх зорилгоор толины хавтсан дээр улсын дугаарыг нь бичих үйлчилгээг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсээс үзүүлж байгаа аж. Энэ талаар тус хэлтсийн Эргүүл хамгаалалт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ш.ЭНХТАЙВАНТАЙ ярилцлаа.

 

-Дээрх үйлчилгээг хэ-зээнээс үзүүлж эхлэв. Ингэснээр ямар үр дүн гарч байна вэ?

 

-Автомашины эд ангийг хулгайд алдахаас урьдчилан сэргийлэх, багасгах, таслан зогсоох зорил гоор автомашины толь болон аккумлятор, “Приус” маркийн автомашины зайнд бичилт хийх ажлыг энэ сарын 14-нөөс эхлүүлсэн. Энэ ажлыг цааш даа үргэлжлүүлнэ. Ул сын дугаарыг бичиж бай гаа болохоор тусгай би чилттэй автомашины эд ангийг хулгайч авсан ч цааш нь худалдаж авах хүн олдохгүй гэдэг үүднээс энэ ажлыг хийж байна. Уг ажлыг эхлүүлснээс хойш арав хонож байна. Тиймээс үр дүнг дүгнэхэд эрт. Гэхдээ энэ талын дуудлага, мэдээлэл багасч байгаа нь мэдэгдэж байна. Жишээ нь, манай хэлтэс найман хороог хариуцдаг. Үүний дөрөв нь орон сууцны хороолол. Эдгээр хороонд өдөрт гардаг байсан автомашины эд ангийн хулгайн гэмт хэргийн дуудлага, мэдээлэл мэдэгдэхүйц багассан. Бид энэ талаарх мэдээллийг олон нийтэд цацаж, үйлчилгээг үнэ төлбөргүй хийж байгаа. Гэхдээ тухайн хүнийг өөрөө хүссэн тохиолдолд хийж өгч байна. Заавал хийлгэ гэж шаардаагүй. Харьяалал хамаарахгүй тухайн хүн хүсвэл ирээд бичүүлж болно. Өмнө нь цагдаагийн байгууллага ийм төрлийн ажлыг хийж байгаагүй. Тиймээс иргэдийг бидний хийж байгаа ажлыг дэмжиж, эд зүйлээ алдахаасаа өмнө энэ үйлчилгээг хийлгэхийг уриалж байна.

 

-Тус үйлчилгээг хаана хийж байгаа вэ. Одоогоор хэчнээн хүн хандсан бэ? ­

 

-Цагдаагийн I хэлтсийн хариуцдаг нутаг дэвсгэр буюу Баянзүрх дүүргийн XVI хороонд хийж байна. Учир нь энд хамгийн олон машин цугладаг. Дээр нь автомашины зогсоолгүй, мөн хуучны орон сууц голдуу байдаг учир иргэд автомашинаа гаднаа ил тавьдаг болохоор эд ангийн хулгай их гардаг. Тиймээс тус хорооны хэсгийн байцаагч, хорооны цагдаа нь хорооны байрандаа уг үйлчилгээг үзүүлж байна. Мөн XIV хороо буюу “Нарантуул” зах орчмын газарт хийж байгаа. Өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн XXV, XXVI хороо буюу “Баянмонгол” болон “Сандэй” худалдааны төвийн эсрэг талын шинэ хороололд үйлчилгээ явуулж эхэлсэн. Гэхдээ энэ үйлчилгээг явуулахдаа цагийн хуваарьтай хийж байна. Учир нь, бид эдийн засгийн хувьд хүндрэлтэй буюу бичилт хийдэг тоног төхөөрөмжийг авч чадахгүй байгаа. Тиймээс дөрвөн хорооны дунд хоёр багажтай ажиллаж байгаа болохоор хуваарь гаргасан. Хуваарийн дагуу өдөр бүр тасралтгүй хийж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн мэдээллээр 70 гаруй хүн автомашиндаа бичвэр хийлгэсэн. Ер нь хүн өөрөө зөвшөөрсөн тохиолдолд өдөрт 20­30 автомашинд тэмдэглэгээ хийе гэсэн зорилт тавин ажиллаж байна.

 

-Ер нь иргэдийн хандлага ямар байна вэ?

 

-Автомашины эд ангид тэмдэглэгээ хийх ажлыг өдөр тутам явуулж байгаа ч хоёр удаа нэгдсэн арга хэмжээ явуулсан. Тухайлбал, өрөөндөө бичилт хийлгэхийг хүлээгээд суух бус орон сууцны хорооллын автомашин ихтэй гудамжаар өглөө 06.00 цагт очиж хийж өгсөн. Энэ үеэр хажуугаар явж байгаа автомашинтай иргэд сонирхон хийлгэж байсан. Мөн дэмжиж байгаагаа ч илэрхийлж байсан. Ер нь иргэдийн хандлага эерэг байгаа. Харин зарим тохиолдолд толинд хийхэд үзэмж муутай гэх юм уу, бичвэр гологдож байж магадгүй. Гэхдээ бид мэргэшсэн хүн биш боловч хичээж байгаа.

 

-Ямар багажаар бичилт хийж байна вэ. Хэчнээн төгрөгийн үнэтэй вэ?

 

-Бичилт хийж буй багаж 200 орчим мянган төгрөгийн үнэтэй. Хүмүүс мэдэх байх. Мөнгө, зэс аяганд дурсгалт зүйл бичдэг зүйлээр бичвэрийг хийж байна. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл зарим багажийг авч өгч тусалж байна. Халуун зүйлээр зорж бичиж байгаа учир арилахгүй. Харин бага зэргийн дутагдалтай зүйл нь толин дээр бичих гэхээр хагарчих гээд байдаг учир хүндрэлтэй байна. Уг нь лазераар бичгийн хэлбэр зэргийг гоёмсгоор бичдэг багаж байдаг ч өндөр үнэтэй болохоор дээрх багажаар хийж байна.

 

-“Приус” маркийн автомашины эд ангийг хулгайлах явдал их байгаа гэсэн. Үүнийг хэрхэн илрүүлдэг вэ?

 

-Ер нь “Приус” машины эд ангийг хулгайлах явдал их гарч байна. Хулгай хийх зорилготой явж байгаа хүнээс илүү хог түүдэг хүмүүс машины голоор гарахдаа толийг нь мулт татах тохиолдол их. Мөн толь гэлтгүй урд талын хөмсөг, зайг ихэнхдээ хулгайлдаг. Ер нь эд ангийн хулгайн 80 орчим хувь нь “Приус”­ынх байдаг. Мөн “Приус” гэлтгүй бусад маркийн автомашины гэрэл, толь, дугай авах, портер зэрэг автомашины аккумляторыг хулгайлах тал бий. Бид уг хэргийг камерийн бичлэг, мөрдөлт, халуун мөрөөр нь явж илрүүлэх зэрэг олон янзаар илрүүлдэг.

 

-Он гарсаар автомашины эд ангийн хулгайн өсөлт хэр байна вэ? ­

 

-Ер нь өвлийн улиралд автомашины хулгай харьцангуй бага. Учир нь, иргэд автомашинаа бүтээх эсвэл аль болох гаражид тавьдаг. Харин урин дулааны цагт хаа дуртай газраа автомашинаа тавьснаас эд ангийн хулгайн гэмт хэрэг өсдөг. Үүнийгээ дагаад цагдаагийн байгууллага ч хэргийг илрүүлэх ажлаа эрчимжүүлдэг. Дүүргийн хэмжээнд хяналтын 100 камер бий. Энэ нь зөвхөн автомашины хулгай гэлтгүй бүхий л зүйлийг хянаж байна. Дээр нь иргэд мэдээ мэдээлэл сайн өгдөг болсон. Мөн харуул, жижүүрийн хариуцлага өндөрсч байна. Энэ мэт олон талаас хяналт тавьж байгаа болохоор энэ төрлийн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад харьцангуй багасч байгаа ч үүний зэрэгцээ автомашины тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

 

-Хулгайлсан эд ангиудыг авто худалдааны төвийн ченжүүдэд өгдөг байх. Тиймээс хулгайн эд анги авч худалдаалахгүй байх талд ямар ажил хийж вэ? ­

 

-Автомашины эд ангийн хулгайн гэмт хэрэг дүүргүүдийн цагдаагийн хэлтсийнхний толгойн өвчин болсон байдаг. Толь зараад зогсч байгаа хүнийг хулгайн толь зардаг ченж гэж үзэж болохгүй байгаа юм. Тэр хүмүүс цаанаа өөр хүнээс бөөнөөр нь авдаг. Тиймээс тэр зардаг хүнийг нь бид олохоор ажилладаг. Олоод шалгаж ч байгаа. Гэхдээ нууц далд аргаар хулгайн толь авч нийлүүлдэг хүмүүсийг бүгдийг бариагүй. Хулгай гарч байна гэдэг чинь цаанаа авдаг хүн байна гэсэн үг. Тэгэхээр үүнийг л илрүүлэхийн тулд ажиллаж, арга хэмжээ зохиож байна. Ялангуяа манай нутаг дэвсгэрт хоёр том авто зах бий. Тиймээс нэн түрүүнд автомашины хулгайн эд анги зарна, авна гээд явж байгаа этгээдүүдийг илрүүлэх ажлыг явуулж байна.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)